Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 18-20-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Долоо дахь удаагийн тус тэмцээнд 14 орны 250 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гурван тамирчин хүч үзсэнээс 125 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Кемеровогийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Остап Пасенокыг 4:3-аар, шөвгийн наймд Красноярскийн Артур Сайфуллинийг 10:0-ээр, хагас шигшээд Украины Данило Картавайг 2:0-ээр тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Павел Кривцовтой нутгийн дэвжээн дээр нь 0:4-өөр ялагдав.
Н.Золбоо 2014 онд тус тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү “Шахтерская Слава”-гийн хошой медальтан болж байна. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д спортын мастер С.Нямдаваа Сахагийн Петр Константиновт, 65 кг-д спортын мастер Б.Буд эзэн орны Михаил Нарышевт ялагдсан.
Сонирхуулахад, тус тэмцээний аварга 100 мянга, мөнгөн медальтан 60 мянга, хүрэл медалийн эзэд 30 мянган рублийн эзэн болжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |