Үндэсний Олимпийн хороодын холбооны анхдугаар “World Beach Games 2019“ наадам Катар Улсын Доха хотноо аравдугаар сарын 11-16-нд болж 97 улсын 1100 гаруй тамирчдыг хамран амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн анхдугаар энэхүү их наадамд Монгол Улсаас сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй багууд л эрхээ аван ганцхан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдлөө. Манай эрэгтэй шигшээ баг Йордан, Намиби багуудыг хожиж Украйнд хожигдон хэсгээсээ 2-р байраар гарсан. Хагас шигшээ тоглолтонд B хэсгийг тэргүүлсэн урд хөрш БНХАУ-ын шигшээ багийг 20:17 хожиж шигшээд шалгарсан.
Улмаар Дэлхийн наадмын аварга ОХУ-ын шигшээ багт хожигдон, хүрэл медалийн төлөө Украйны багийг 20:16 харьцаатай хожиж Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг Дохад мандуулж чадлаа. Өнгөрсөн жилийн ФИБА 3х3 U18 насны Ази тивийн аваргын хүрэл, FISU Азийн оюутны аваргын алтан медальт баг маань ийнхүү Дэлхийн наадмын медальтнууд болж байна.
2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн наадамд дарааллан сайхан оролцлоо. World Beach Games-д Монгол Улс сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр л оролцож хүрэл медаль авснаар 97 улсаас 31-д орлоо. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид, дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал, багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, MCS Coca Cola компанийн захирал Л.Мягмаржав, штабын ажилтнаар МҮОХ-ны мэргэжилтэн Б.Баяртуяа, шүүгчээр триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар нар эх орноо төлөөлөн оролцлоо.
М.Бүүвэй
Уншиж байна |