НӨАТ-ын Ebarimt апплейкшнаас иргэний бүртгэлийн 38 үйлчилгээг авах боломжтой боллоо. Энэ талаар өнөөдөр(2019.10.16) Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УБЕГ-ын дарга Б.Баасандорж нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Иргэдэд учруулдаг хүн суртал, чирэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газраас чухал шийдвэр гаргалаа. Энэ бол ибаримт системийг ашиглаад гурван минутын дотор банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Өнөөдрөөс эхлээд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг энэ систем рүү шилжүүлж байна. Ерөнхий сайдаас энэ онд багтааж төрийн бүх байгууллагын үйлчилгээг энэ системд шилжүүлэх үүргийг өгсөн. Ингэснээр иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх боломжтой болно. Мөн сайд нарт холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, чирэгдэл үүсгэдэг байдлыг арилгах албан даалгавар өглөө.
Үүнээс гадна иргэдээс авдаг төлбөр хураамжийг бууруулах үүрэг чиглэл өгч байна.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Улсын бүртгэлийн ерөнхий газраас нийтдээ 136 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүний 38 төрлийн үйлчилгээ нь ибаримт системд орж байна. Тухайлбал, иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэл гэх мэт үйлчилгээг энэ системээс авах боломжтой.
Манай хамгийн их эрэлттэй үйлчилгээ нь иргэний үнэмлэх болон гадаад паспортны үйлчилгээ байдаг. Өдөрт дундажаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг. Ингэхийн тулд 32 500 төгрөг тушаадаг. Энэ мөнгийг тушаахын тулд банк руу явж 2-3 цагийг зарцуулдаг байсан. Харин одоо иргэн төлбөрөө ухаалаг утсаа ашиглан ибаримт системээр хийж, хорооноосоо энэ үйлчилгээг авах боломжтой болж байна.
Бас төрийн 88 байгууллагаас УБЕГ анх удаа иргэнд ибаримт олгодог болж байна.
Б.Энэрэл
Уншиж байна |