Сайжруулсан түлшний түүхий эдэд ашиглах зорилгоор Засгийн газраас Энержи Ресурс ХХК-д хүсэлт тавьж, улмаар жилд 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг Тавантолгой Түлш компанид үнэ төлбөргүй авч ашиглаж байгаа юм. Энэ талаар Энержи Ресурс ХХК-ийн захирал Г.Батцэнгэл мэдээлэл хийж, 6300 ккал-тай өндөр илчлэгтэй нүүрсийг Тавантолгой түлш компанид нийлүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Хувийн хэвшлийн олборлож, угаасан нүүрсийг яагаад үнэгүй авсан бэ гэх асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өгөхдөө, шахмал түлшинд Тавантолгойн байгалийн нүүрс тохиромжгүй, харин илчлэг өндөртэй, угаасан нүүрс илүү тохиромжтой байсан гэдгийг хэлэв. Өөрөөр хэлбэл байгалийн хольцгүй хүрэн нүүрс, кокжсон нүүрс хоёрын завсарын бүтээгдэхүүн болох угаасан нүүрс нь шахмал түлшний гол бүтээгдэхүүн болохыг салбарын сайд онцолсон юм.
Мөн тэрбээр Засгийн газраас өгсөн хүсэлтийн дагуу Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нүүрсийг үнэгүй нийлүүлж байгааг дуулгаж, талархал илэрхийлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор, Тавантолгой түлш компани болон Энержи Ресурс ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ цуцлагдах уу гэсэн асуулт гараад байв. Тэгвэл энэ гэрээ үргэлжлэхээр болжээ. Тавантолгой түлш компаниас нүүрсийг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй нийлүүлэх хүсэлтийг Энержи Ресурс ХХК-д хүргүүлсэн байна.
Уншиж байна |