Энержи Ресурс ХХК жилд 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг Тавантолгой Түлш компанид үнэ төлбөргүй нийлүүлж, өндрөө авсан хэл амны бай болов. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох нүүрсний талаар улсын ерөнхийлөгч хүртэл мэдэгдэл гаргаж, хог хаягдал хэмээн нэрлэсэн. Харин хариуд нь Энержи Ресурс ХХК-ийн захирал Г.Батцэнгэл мэдээлэл хийж, 6300 ккал-тай өндөр илчлэгтэй нүүрсийг Тавантолгой түлш компанид нийлүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Энэ үйл явдлаас үүдэн Тавантолгой түлш компани болон Энержи Ресурс ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ цуцлагдах уу гэсэн асуулт гараад байв. Тэгвэл энэ гэрээ үргэлжлэхээр болжээ. Тавантолгой түлш компаниас нүүрсийг үргэлжлүүлэн нийлүүлэх хүсэлтийг Энержи Ресурс ХХК-д хүргүүлсэн байна.
Энержи Ресурс компаниас ч угаасан эрчим хүчний нүүрсээ Тавантолгой Түлш компанид үргэлжлүүлэн үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгдлээ.
Шахмал түлш хийж буй нүүрс нь Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хог хаягдал биш гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч хэлсэн. Тэрбээр шахмал түлшинд Тавантолгойн гаргаж буй байгалийн нүүрс тохиромжгүй гэдгийг хэвлэлийнхэн тайлбарлалаа. Харин Энержи Ресурс компанийн угаасан нүүрс илүү тохиромжтой гэдгийг хэлэв. Өөрөөр хэлбэл байгалийн хольцгүй хүрэн нүүрс, кокжсон нүүрс хоёрын завсарын бүтээгдэхүүн болох угаасан нүүрс нь шахмал түлшний гол бүтээгдэхүүн болохыг салбарын сайд онцлов.
Мөн тэрбээр Засгийн газраас өгсөн хүсэлтийн дагуу Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нүүрсийг үнэгүй нийлүүлж байгааг ч дуулгасан билээ.
Б.Энэрэл