Г.Батцэнгэл: Би органик химийн доктор хүн. 6300 ккал илчлэгтэй хог нүүрс гэж байдаг бол харъя.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр угаартаж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн. Ингэхдээ Тавантолгой түлш компанид 800 мянган тонн угаасан нүүрс үнэгүй нийлүүлсэн “Энержи ресурс” ХХК-ийг буруутгасан юм.
Ерөнхийлөгчийн эмгэнэлд:
...Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ…
...Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов?...
....Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна...хэмээн нүүрс нийлүүлэгчийг илт буруутгасан юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2019.10.10) “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээлэл хийлээ.
-Нүүрс нийлүүлсэн компани буруутан болоод байна. Яагаад шахмал түлшний түүхий эдийг нийлүүлэх болов? Засгийн газар танай компанид эхэлж хандсан уу?
-2018 оны 01 дүгээр сарын 30-нд ажлын хэсгийнхэн Ухаа худагт очиж, баяжуулах үйлдвэрээс гарч буй угаасан эрчим хүчний нүүрсийг шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах санал тавьсан. Улаанбаатарын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлээч гэж манайд хандсан. Мөн энэ сардаа багтааж, Эрчим хүчний яамнаас нүүрсний дээж авсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 02-нд Ерөнхий сайдын ажлын албаны дарга Энх-Амгалангийн албан тоот ирж, жилд 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг шахмал түлш үйлдвэрлэх зорилгоор үнэ төлбөргүй нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтэд би болгоомжтой хандсан. Улс, нийгэм, ард иргэдээ бодоод тодорхой ажил хийхээр мушгиж гуйвуулдаг. Цагдаа шүүхээр айлгадаг. Заваан улс төрдөө татан оролцуулах гэж үздэг.
Тэгээд би хүсэлтийг хүлээн авч, нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бид стандарт шаардлагыг хангасан, өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг нийлүүлэхээр болсон. Ингээд 08 дугаар сарын 01-нд Тавантолгой түлш компанитай эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахдаа АТГ, Сангийн яам, ТӨБЗГ, ХЗДХЯ-наас тодруулга авч, баталгаа гаргуулсан. Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, олон жил яригдсан агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар шийдсэн.
-Ерөнхийлөгчийн мэдээлэлд түлшний үйлдвэрт хог хаягдлаа нийлүүлсэн гэдгийг дурдсан байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг нийлүүлсэн. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лабораторийн шинжилгээгээр Ухаа худагийн угаасан эрчим хүчний нүүрсний илчлэг нь 6300 ккал гэдгийг тогтоосон. Багануурын нүүрсний илчлэг 3000 ккал орчим байдаг. Үүнээс хоёр дахин илүү илчлэгтэй нүүрс нийлүүлж байгаа. 6300 ккал-ын илчлэгтэй хог байдаг бол надад харуулаадах. Би өөрөө химийн мэргэжилтэй доктор хүн. “Энержи ресурс” ХХК-д 2008 оноос хойш ажиллаж байна. Мэргэжлийн хүнийг үгийг сонсоорой гэж хүсмээр байна.
Төрийн компанитай хамтарч ажиллахаар сүүлд нь дандаа лай болдог. Дандаа хардаж, шалгадаг. Бид хашраагүй байна. Үүнээс хойш аль болохоор зайгаа барина. Зайгаа барихаар нийгмийн тулгамдсан асуудлаас зугтаж байгаа мэт харагддаг.
-Нүүрс нийлүүлэх гэрээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Эхний ээлжинд нэг жилийн хугацаанд хамтран ажиллана. Шаардлагатай бол таван жил хүртэлх хугацаанд манай компани дэмжиж ажиллая гэсэн.
-Хувийн компани 800 мянган тонн нүүрсийг үнэгүй өгсөн нь хардлага төрүүлээд байна?
-Үнэхээр үр дүн гарч магадгүй, дэмжье гэдэг үүднээс хандсан.
-Шахмал түлшинд нийлүүлсэн нүүрсийг өөр хаана хэрэглэдэг вэ? Нийлүүлэгчдээ нэрлэж болох уу?
-Манай компани 2011 оноос хойш бүх нүүрсээ угааж, боловсруулж экспортолсон. Баяжуулсан коксжих болон угаасан коксжих, хагас коксжих, эрчим хүчний нүүрсийг экспортолж байгаа.
Энэ хугацаанд 6-7 сая тонн баяжуулсан эрчим хүчний нүүрсийг экспортолсон. БНХАУ-аас гадна дотоодын цемент шохойн үйлдвэрүүд авдаг. Мөн өөрсдийнхөө ажилчдад өвөл нэг хүнд таван тонныг үнэ төлбөргүй өгдөг. Бас Даланзадгадын ДЦС-д жил бүр 40 000 тонн нүүрсийг үнэгүй нийлүүлдэг. Бидэнд нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй нийлүүлдэг туршлага байгаа. Тиймээс л үр дүнтэй ажиллахад нь нэмэр болох үүднээс нүүрсээ нийлүүлсэн.
-Шахмал түлшний үйлдвэрлэлийн талаар танд мэдээлэл байна уу?
-Шахмал түлш үйлдвэрлэхийн тулд нүүрсийг барьцалдуулах шаардлагатай. Гэхдээ ямар бодис ашиглаж байгаа талаар надад мэдээлэл байхгүй учраас ямар урвалд орохыг би хэлж чадахгүй. Тавантолгой түлш компани өөрсдөө үйлдвэрлэлийн горимоо гаргасан. Би үүнд оролцоогүй учраас буруу зөв, сайн муу гэсэн дүгнэлт хиймээргүй байна.
-Шахмал түлшинд өндөр илчлэгтэй нүүрс ашиглах шаардлагатай юу?
-6000 ккал-тай нүүрсийг шатдаггүй өөр бодистой 50:50 хувиар холилоо гэхэд илчлэг нь хоёр дахин буурч, 3000 ккал болно. 3000 ккал-тай Багануурын нүүрсийг өөр бодистой холиход илчлэг мөн хоёр дахин буурч, 1500 болно. Тиймээс өндөр илчлэгтэй нүүрс ашиглах шаардлагатай. Энэ утгаараа “Энержи ресурс” ХХК-ийн угааж, баяжуулсан нүүрсийг ашиглая гэсэн байх.
-Нүүрс ямар үнэтэй экспортолж байгаа вэ? Жилд нийлүүлэх 800 мянган тонн нүүрсний үнэ хэд болох вэ?
-Одоо 15 орчим ам.доллараар экспортолж байгаа. 800 мянган тонн нүүрс бол 12 орчим сая ам.доллар болно. Манай компани ийм хэмжээний борлуулалтын орлого олох боломжтой байсан. Бидний гол бүтээгдэхүүн коксжих нүүрс учраас өртгөнд нь шингээгээд нийгмийн хариуцлагаа биелүүлсэн.
-Нүүрс нийлүүлэх гэрээг цуцлах уу?
-Амарыг бодвол бид нүүрс нийлүүлэхээ больж болно. Гэхдээ агаарын бохирдолтой тэмцэх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд үр дүнг нь гаргасны дараа нүүрс нийлүүлэх эсвэл болих уу, бүр Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг зогсоох уу гэсэн асуудал яригдана. Гэхдээ энэ Засгийн газрын эрх мэдлийн асуудал.
Б.Энэрэл