Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүсчээ. Ийм бодит аюул тулгарсныг УИХ-ын дарга нь сануулав. Монголын асуудлыг тав хоногийн дараа буюу энэ аравдугаар сарын 15-нд Парис хотод болох ФАТФ-ын ээлжит хурлаар хэлэлцэх гэнэ. Тавхан хоногийн дараа Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхой болно гэсэн үг.
Өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон ФАТФ-ын хурлаар манай улс МУУ үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр ажил хийгээгүй хэмээн дүгнэсэн гэсэн үг. Тиймдээ ч
1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн байна.
Өмнө нь 2017 онд ч манай улс ФАТФ-аас хангалтгүй гэсэн үнэлгээ авч, зөвлөмж ирүүлжээ. Энэ удаа дөрвийн дөрвөн чиглэлээр сануулга өгсөн байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал Саарал жагсаалтад ордог бол манай улс дөрвийг хүлээн авчээ.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газар энэ шаардлагуудыг биелүүлэhгүй бол Монгол Улс “саарал жагсаалт”-д саадгүй орно гэсэн үг.
Тэгвэл Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол яах вэ?
-Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;
-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
-Улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.
Өөрөөр хэлбэл гадаадын банкууд Монголын арилжааны банкуудын харилцах дансыг царцааж, монголчуудын төлбөрийн карт гадаадад ажиллахгүй. Гадагшаа валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй болно. Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, ам.доллар 7000 давна гэсэн энгийн тайлбарыг эдийн засагч Д.Жаргалсайхан хийжээ.
Харин энэ өсөлт дотоодод юу авчрахыг төсөөлөхөд ч бэрх. Ард түмний амьдрал туйлдаа хүрнэ гэхээс өөр тайлбаргүй.
Монгол Улсыг хэн хийв байдалд хүргэв?
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлтийг хийлээ. Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо илэрхийлэв.
Одоо яах вэ?
- “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
- Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
- Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Энэ тухайгаа ч ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов. Хоёр жилийн өмнө авсан хангалтгүй үнэлгээ дахин давтагдаж, энэ жил ч муугаараа дуудууллаа. Хангалтгүй үнэлгээ авсаар байж хоёр жилийн хугацаанд юу ч хийгээгүй албаныхан тав хоногийн хугацаанд юу амжуулах бол.
Монголын тэнгэр бүрхэг байна.
Б.Энэрэл