ОХУ-ын Улаан-Үд хотноо өнөөдөр сонирхогчдын эмэгтэй боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээн аравдугаар сарын 3-13-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нараар ахлуулсан 7 тамирчин оролцохоор Буриадыг зорьсон юм.
Баг тамирчдаа танилцуулбал, 48 кг-д 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-д ОУХМ Э.Мичидмаа, 57 кг-д Ази тивийн аварга Т.Болортуул, 60 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Намуун, 69 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа, 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал нарын боксчид дэлхийн ринг дээр хурд хүч, ур чадвараа сорино. Энэ удаагийн ДАШТ-д мөн AIBA-гийн гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна.
Манай тамирчдаас 48 кг-д Б.Мөнгөнсаран эхний тойрогт хийлжээ. Энэ жинд 20 тамирчин тулалдахаар очсон. Харин 54 кг-д 22 тамирчин өрсөлдөхөөс Э.Мичидмаагийн эхний учраа Энэтхэгийн тамирчин байх юм. 57 кг-д 36 тамирчин өрсөлдөх бөгөөд манай тамирчин Т.Болортуулын эхний өрсөлдөгч нь Австрийн тамирчин байгаа аж. Харин Э.Эрдэнэтуяа ОХУ-ын тамирчин С.Далгатоватай учраа таарсан бөгөөд 69 кг-д 26 тамирчин хүчээ сорих юм байна. Монголын эмэгтэй боксын ДАШТ-ий анхны медалийг ОУХМ М.Нандинцэцэг эх орондоо авчирсан түүхтэй. Тэрбээр 2018 онд Энэтхэг улсад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 54 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |