Олимпийн таван удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга биатлонч Мартен Фуркад Олон улсын олимпийн хорооны Тамирчны комиссын сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа.
Франц улсыг төлөөлөн уг сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө тулгууртай харайлтын олимпийн аварга Рено Лавилени тэр хоёр шалгаран үлдээд байсан юм. ОУОХ-ны дүрэм ёсоор тус комисст зуны спортын тамирчныг зуны, өвлийн төрлийн тамирчныг цагаан олимпийн үеэр сонгодог бөгөөд тэр дагуу Фуркад 2022 оны сонгуульд өрсөлдөх болжээ.
Одоогоор Австралийн Жэймс Томкинс, Францын Тони Эстанги, Шведийн Стефан Холм нарын бүрэн эрх дуусч байна. Харин комиссыг тэргүүлэгчийн хувьд Кристи Ковентригийн эрх дахин дөрвөн жил үргэлжлэх ажээ. Зимбабве улсын спортын сайд, алдарт сэлэгч тэрээр 2012 оноос уг комисст багтсан билээ. ОУОХ-ны Тамирчны комисс 12 гишүүнтэй бөгөөд тэд ОУОХ-ны гишүүний үүргийг давхар эдэлдэг. Комисст Норвегийн Оле-Эйнар Бьорндален, Оросын Елена Исинбаева, БНСУ-ын Рью Сён Мин нарын нэр алдартай шилдэг тамирчид багтаж байна.
М.Бүүвэй
Уншиж байна |