Нур-Султанд болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний гранпригийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медаль хүртлээ.
Эх орныхоо баруун хязгаарт төрсөн тэрээр эхлээд 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч дараагийн даваанд дэлхийн аварга болох ерөөлтэй АНУ-ын Жакарра Винчестерт 2:13-аар ялагдсан. Улмаар дагах барилдаанд оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Европийн АШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гюнийг 12:9-өөр ялж, дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдын 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Түүний нутгийн эгч Б.Шоовдор (мөн Ховдын бүсгүй) эмэгтэйчүүдийн 59 кг-ийн хагас шигшээд ялимгүй алдаа гарган мөнгөн медалиа Канадын Линда Мораист шилжүүлсэн юм. Ийнхүү тэрээр гурван жил дараалан ДАШТ-ий хүрэл медалийн төлөө шалгарч үлдээд байна. Анх 2017 оны ДАШТ-ээр хүрэл медалиас атгаад алдаж байсан бол 2018 онд Дэлхийн медальтны эгнээнд багтсан билээ.
Б.Болортуяагийн ДАШТ-ий медалийн чимээнээр дахин сайхан мэдээ дуулдав. Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд явагдаж байгаа бөгөөд 57 кг-ийн жингийн тулаанд 2018 оны Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн аварга Э.Цэндбаатар 2019 оны Европийн наадмын аварга, Ирландын тамирчин Курт Уолкерыг 5:0-ээр илт давуу ялж, Монголын бокст ДАШТ-ий 11 дэх медалийг авчрахаар болов.
Боксчин Цэндбаатарыг одоо медалийн өнгөө хувиргах тулаанууд хүлээж байна. Хагас шигшээ тулаан есдүгээр сарын 20-ны баасан гаригийн үдэш болох юм. Цаашилвал Дэлхийн аваргын төлөө тоглох боломж ч бий. Монгол охид хөвгүүдийн медалийн чимээ улам олшрох болтугай.
Ц.Ганбат
Уншиж байна |