“Өрсөлдөөнд манлайлъя" уриатай нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн ес дэх жилдээ Шангри-Ла зочид буудалд хоёр өдрийн турш болж өндөрлөсөн билээ.
Энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Нүүрс" ассоциаци ажилласан бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтран зохион байгуулагчаар оролцсон. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр буй.
Нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг "Coal Mongolia-2019” чуулганы индрээс хүргэж ирсэн. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлж буй нүүрсний салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
2019 оны шилдгүүдийг дөрвөн төрөлд шалгаруулсан юм. Шилдэг CEO номинацид “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл шалгарсан бол Шилдэг үзэсгэлэн гаргагч байгууллагаар Их Британийн Элчин Сайдын яам, “Петротрак” компани тодорч, доктор Юнкай Шиа чуулга уулзалтаар хэлэлцүүлсэн “Хуурай аргаар нүүрс баяжуулах технологи, технологийн дэвшил, Хятадын туршлага” шилдэг илтгэлийн төрөлд тэргүүлж, 2019 оны Coal Mongolia цомын эзэд боллоо.
Уншиж байна |