Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллалаа. Тэрбээр Монголд ажилласан судалгааны тайлангаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд өчигдөр /2019.09.11/ танилцуулсан юм.
Тэрбээр Монгол Улсад 3 үндсэн асуудлыг судлахаар иржээ. Бие даасан шинжээчийн ажлын зорилго нь өрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн бодлого, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт, олборлох болон дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй бодлого хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хариуцлагатай хэрхэн нийцэж буйг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал байжээ.
Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн бодлого нь тэгш хамруулах зарчимд нийцэж буй эсэх, өр зээл улс орны болон хувь хүмүүс, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг, хууль бус мөнгөний урсгалын байдлыг тандаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд хүний эрхийн үнэлгээг хийдэг эсэхийг судалсан аж.
НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски нь манай улсын Засгийн газрын урилгаар есдүгээр сарын 2-11-нд ажиллах хугацаандаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар мөн Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагатай тус тус уулзаж, 9 дүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрбээр “Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэвээрээ байгаа ч байгаль орчноо хамгаалахад гаргах хөрөнгө хумигдсан байна. Тиймээс уул уурхайнханд тусгай зөшөөрөл олгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж явах шаардлагатай байна. Энд дахин хуваарилалтын зохистой бодлого үгүйлэгдэж байна” гэв.
Монголд орлогын албан татвар жигд, 10 хувь байгааг учир дутагдалтай тогтолцоо гэж үзэж буйгаа хэлээд, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчлах явдал чухал байна гэв.
Эдийн засагт шинэчлэлийн чанга бодлогыг барин ажиллаж буй ч нийгмийн бүлэгт хатуу нөлөөлдөг тал бий гээд үүнийг хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байгаагаар жишээ татаж, “Шинэчлэлийн бодлого хүний эрхэнд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийдэг нийтлэг дадал Монголд тогтоогүй байна гэдгийг онцоллоо.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гадаад өрийн хэмжээ нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ? Энд ямар бодлого баривал зохистой байдаг вэ?
-Монголын төрийн гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байгаа нь түгшүүртэй зүйл биш. Гэсэн хэдий ч санхүүгийн эрх бүхий байгууллагууд өрийн тогтвортой байдлыг судлахдаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг авч үзэн оруулж байх нь зүйтэй. Засгийн газар өрөө төлөхийн тулд, төсвөө бүрдүүлэхдээ, хүний эрх, нийгмийн талыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танаж болохгүй.
-“Оюутолгой” ХХК-д ажиллахад учир дутагдалтай зүйл юу байв? Тус компани дээр татвар төлөгдөхгүй байгаа маргаан гардаг. Үндэстэн дамнасан компаниуд дээр ямар бодлого барьж, ямар татвар авдаг юм бэ?
-Тус компани аюулгүйн ажиллагааг сайн хангасан байна. Ханган нийлүүлэгч гэрээт байгууллагуудаа орон нутгаас авч ажиллуулж буй нь сайшаалтай. Иргэдтэй уулзахад Оюу толгойтой холбоотойгоор говьд усан хангамж бэрхшээлтэй байгааг их ярьж байсан. Татвар төлөхгүй байна гэдэг дээр тухайн компани, Засгийн газрын хоорондох, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх зүйл. Энэ тал дээр зах зээлийн үнийг сайн судлах ёстой. Зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэхийг сонгох нь хувилбар байж болох юм
Ижил төстэй, бусад орны жишээг сайн харьцуулж харж стандартаа тогтоо гэж зөвлөх байна. Энэ нь ганц Оюутолгой ч биш, уул уурхайн компаниуд дээр бүгдэд хамааралтай зүйл бий. Татвар дээр татварын албаны чадавхыг бэхжүүлж дээшлүүлэн нэмэгдүүлж ажиллах нь чухал.
Мөн тэрбээр монголд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудлаар "Бүрэн бус, дунд болон бүрэн дунд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү хэдий ч эмэгтэйчүүд цалин багатай ажлын байранд илүүтэй ажиллаж байна. Ажил мэргэжлийн ялгаатай байдлаас цалингийн зөрүү их байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 11.4 хувь илүү цалин авч байна гэв.
Хуан Пабло Богославски нь Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын өрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан экспертийн бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж байсан туршлагатай ажээ.
Г.Сүрэн
Уншиж байна |