Олон нийт мэдлэг мэдээлэлгүй, зөвхөн даган хуйлрагчид гэдгийг чөлөөт бөхийн ДАШТ-д явахаас үүдсэн хоёр тамирчны маргаанаас харагдав. Чөлөөт бөхийн 53кг-ийн жинд Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын улсын аваргад түрүүлсэн тамирчин М.Пүрэвтунгалагийн ДАШТ-нд явах эрхийг ОУХМ Э.Сумъяа “булаасан” гэнэ. Энэ тухай залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн гэр бүлээс мэдээлэл хийж, багагүй сенсааци үүсгэв. Энэ бол үйл явдал. Харин энэ үйл явдлын араас олон нийтийн сүлжээнд Сумъяа нэртнийг муулах их аян өрнөв.
Ингэхдээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяаг ихээхэн бааллаа. Монгол Улс байдгаа өгсөн байхад залуу тамирчны амжилтыг булаалаа гэхчлэнгээр түүнийг муулсан, баалсан, гоочилсон пост, комент, жиргээ нэлээдгүй харагдав. Энэ нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг “харанхуй” даган дууриагчид гэдгийг тодхон харууллаа.
Эхлээд жүдо,чөлөөт бөхийг ялгаж мэдэх хэрэгтэй. Бөхийн спортын өөр төрлүүд гэдгийг мэдэх хүн олон ч мэдэхгүй даган сэвэгчид цөөнгүй бололтой. Ядаж л усны хувцастай нь чөлөөт, унтлагын хувцастай нь жүдо гээд ойлгочих. Дараа нь нэр нэгтэй байлаа гээд чих халууцах ёсгүй. Харамсалтай нь ёсзүйгүй сэвэгчид, мэдээлэлгүй даган дууриагчид үүнийг үл тоодог аж. Тиймдээ ч чөлөөт бөхийн ОУХМ Э.Сумъяагийн асуудлыг жүдо бөхийн гавьяат тамирчин Д.Сумъяад нааж, өдөржин ам хэлээ билүүдлээ.
Өнгөцхөн харвал хүний нэр андуурсан үйл явдал мэт. Үнэн хэрэгтээ олон нийт мэдээлэлгүй, мэдлэггүй, олон нийтийн сүлжээг бусдыг муулах, аялдан дагах, асуудлыг дэврээх хэрэгсэл болгон ашигладаг нь харагдана. Мэдээж энд мэдсээр байж “сэвдэг” хэсэг бүлэг ч бий. Энэ бүхэнд “харанхуй” гэх ганцхан үг л зохицно.
Б.Энэрэл