Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
Энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцож байгаа юм. Үүнээс гадна Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonik”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хэвлэлийн хуралд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров, “ABU Robocon” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса, “ABU Robocon” төслийн продюсер Ёшида Такүши нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөнө.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн. Үүнээс гадна Монголын оролцогчид жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байлаа.
МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрч. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. МҮОНРТ “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө албан ёсоор авч, тэмцээний дүрэм, журмаа боловсруулсан бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй баг өнгөрсөн жилийн наймдугаар сард тэмцээний тугийг хүлээж авсан.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна.
“ABU Робокон” тэмцээн Япон, Вьетнамд тус бүр гурав, Тайландад хоёр, БНХАУ, Хонконг, Малайзад нэг удаа болсон. Ирэх 2020 онд Фижи улсад, 2021 онд БНХАУ-ын Бээжин хотод болно. Энэ жилийн тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. “ABU Робокон” тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар байгаагүй. Монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Үүнийг илтгэсэн гэрэгэ дамжуулах мөн Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар бий. Улмаар 50-аас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс уулын бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах даалгавар оруулж өгсөн. Зохион байгуулагч орноос шалтгаалж жил бүр тэмцээний дүрэм өөрчлөгддөг ч оногдсон хугацаа буюу гурван минут хэвээрээ байдаг.
БНХАУ, Вьетнам, Японы багийн роботын хөгжил бусад орны оролцогчдоос түрүүлж яваа. Энэ гурван баг дугуйтай роботын төгс шийдлийг аль хэдийн олчихсон. Тиймээс оролцогчид дугуйтай роботын хөгжлийг хэдийн туйлд нь хүргэчихсэн учир “ABU Робокон-2019” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дараагийн шат нь алхдаг робот юм байна гэж үзсэн юм. Тиймдээ ч Монгол орноо таниулах, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, хоёрдугаарт “ABU Робокон” тэмцээнд технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээе гэдэг үүднээс дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрэм боловсруулсан.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний үеэр зохион байгуулагч буюу Монгол Улсаас хоёр шүүгч ажиллана. “Робокон” тэмцээнийг санаачлагч Японы их сургуулийн доктор Масаши Шимизү (80 гаруй настай эрдэмтэн), өнгөрсөн жилийн зохион байгуулагч орны болон ирэх жилийн зохион байгуулагч Фижигээс тус бүр нэг шүүгч томилогдсон. Харин талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг гээд нийт 12 шүүгч ажиллах юм.
“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг эхний хоёр байрт орсон. Энэ жил ШУТИС үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн босгон дээр тус сургуулийн хоёр баг эх орноо төлөөлөн олон улсын роботын тэмцээнд өрсөлдөж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Өнгөрсөн сарын 25-нд бүх улсын баг роботоо баглаж, лацдаад тэмцээн зохион байгуулагчдад буюу Монгол руу илгээсэн байгаа. Энэ дүрэм Монголын хоёр багт ч мөн адил үйлчилсэн. Маргааш оролцогч багууд “Буянт-Ухаа” спортын ордонд роботуудаа угсарч, хуваарийн дагуу ижил тэгш хугацаанд туршина. Мөн техникийн зөвлөгөөний хурал болно. Тэмцээний төгсгөлд Гран-при шагналын эзэн буюу ялагч багийг болон хоёр дэд байр, шилдэг санаа, инженерчлэл, дизайнтай багийг тодруулахаас гадна жил бүр ивээн тэтгэдэг зургаан компанийн нэрэмжит цом, шагнал гардуулна.
“ABU Робокон-2019 Mongolia” тэмцээний дүгнэлтийн хурал, хэлэлцүүлэг ирэх даваа гарагт буюу 26-нд болно. Үүний дараа продюсерууд хуралдаж, ирэх жил зохион байгуулагдах “ABU Робокон-2020” олон улсын роботын тэмцээний дүрэмтэй танилцахаас гадна оролцсон бүх баг болон зочид төлөөлөгчдөд монгол орноо танилцуулах аялал болно.
ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний нээлт болон завсарлагаанаар Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, соёлын тэргүүний ажилтан, дуучин, Ука (Д.Уламбаяр), “Чоно” хамтлаг, “Aim4R” продакшн тэргүүтэй рок, поп, хип хоп урлагийн одууд уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ. Мөн тэмцээн болох өдөр “Буянт ухаа” спортын ордны гадаах талбайд дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагуудын шинэ технологийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэгчид тэмцээний хажуугаар Монголын болон гадаадын шилдэг компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологитой танилцах боломжтой.
“ABU Робокон-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг, “MNB world” сувгаар эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхээс гадна Японы NHK телевизийн сошиал хаягаар олон улсад шууд дамжуулна. Үүнээс гадна 15 орны олон нийтийн телевизүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэж өөрийн орны үзэгчиддээ хүргэдэг уламжлалтай.
Г.Сүрэн
Уншиж байна |