Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Унгарын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ Монгол хүүхдүүдийг хичээллүүлэхэд бэлэн болоод байна.
Энэ удаад “Хараацай” клубийн 16 насны багийн тоглогчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д суралцана. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан юм.
Өчигдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг хүлээн авч уулзан “Пушкаш академи”-д суралцах гэрээг байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсчээ. Мөн төрүүлж өсгөсөн эцэг эх, хөлбөмбөг зааж сургасан багш сурган хүмүүжүүлэгч нарт нь талархал илэрхийлэв.
Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорих Монголын 9, 10 дахь хөлбөмбөгчид болж байна. 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгчид Унгарыг зорьж байлаа.
Энэ хөлбөмбөгчид одоо насныхаа шигшээ багт дуудагдаж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож буй. Харин Г.Ганбаяр “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулан тоглож байгааг хөлбөмбөг сонирхогч нар мэдэх билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |