Монголчуудыг нэгтгэж чадсан эгэл хүү тэнгэрт одлоо. Элэг нэгт ард түмэн нь “Эдгэрээд эх орондоо ирээсэй” гэсэн нэгхэн хүслээр нэгдэж эгэл сагсчин хүүгийн төлөө залбирч суулаа. Харамсалтай нь Очбадрахын Дөлгөөн 23-хан насандаа өвчний улмаас бурханы оронд заларчээ.
О.Дөлгөөн спортын төв ордны дэргэдэх биеийн тамирын дунд сургуулийг дүүргэжээ. Өсвөр насандаа "TLG 13" багт тоглодог байсан бөгөөд анх Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд элсэж орсон ч "Этүгэн" их сургуульд “урважээ”. Түүнийг "Этүгэн" их сургуульд ороход нөлөөлсөн хүн бол "Ирвэсүүд" багийн дасгалжуулагч О.Баярцогт аж. Ингэж тэрбээр сагс хэмээх спорттой салшгүй холбогдсон байна.
Тэрбээр 2017 онд Дээд лигийн дэд аваргаар шалгарч байсан бөгөөд 2018 оноос хойш насанд хүрэгчдийн шигшээ багт орж, Индонез улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв. 2019 онд Оюутны лигийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Аваргын шагналдаа NBA-н финалын тоглолт үзэх эрхийн бичиг авсан бөгөөд уг тоглолтыг үзэхээр зургадугаар 12-ны өдөр АНУ-ыг зориод байв.
Харамсалтай нь АНУ-д очоод бие нь эрс муудаж элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байлаа.
Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байсан. Удалгүй нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан гэх баяр мэдээг түүний найз бүсгүй О.Билгүүнзаяа хуваалцаж эрхгүй баярлаж суулаа. Харамсалтай нь сагсан бөмбөгийн залуу шилдэг тамирчин О.Дөлгөөн өчигдөр буюу долдугаар сарын 28-ны 18 цаг 10 минутад таалал төгсжээ.
Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн удаан хугацаанд хүчил төрөгчийн аппаpаттай байснаар уушиг нь цоорч, тархинд нь цус харваж, салхин цэцэг өвчин бүх дотор эрхтнүүдийг нь гэмтээсэн ч удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр хорвоогийн мөнх бусыг үзлээ.
Түүний найз бүсгүй инстаграм хуудсандаа “Хэзээ ч мартахгүй амлаж байна” хэмээн хамт авхуулсан зургаа нийтэлжээ. Мөн түүний “Байртай, машинтай болоод хайртайгаа хамтдаа аз жаргалтай энгийн амьдармаар байна. Баян тансаг амьдрал амлахгүй ч гэсэн чамайгаа хэзээ ч гомдоохгүй” хэмээн амласан бичлэгийг хуваалцсан нь сэтгэл “урам”.
Ингэж л хүсэл мөрөөдөл, хамтын аз жаргалтай амьдралыг цогцлоохоор тэмүүлж явсан идэрхэн залуу энэ хорвоогоос үүрд буцчихлаа. Түүнийг аврахсан, ахиад зөндөө амьсгалаасай гэхээс олон хүн залбирч, сайхан сэтгэлийн хандив тусламжаа харамгүй илгээсэн.
Тэр монгол түмнийг ингэж нэгтгэсэн. Түүнийг эдгээхийн төлөө монголчууд сайн дураараа нэгдэж чадсан юм. Ум сайн амгалан болтугай.
Б.Итгэл
Уншиж байна |