Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан Хүй долоо худагт хоёр өдрийн турш үргэлжиллээ. Морь уралддагаараа уралдаж, айраг түрүү хүртлээ. Харин энэ наадам бүхэлдээ хүүхдэд “ээлтэй”, хүртээмжтэй байсан нь онцлог байв.
Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлсан бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан юм. Наадам бүрийд унаач хүүхдийн эрхийн асуудал хурцаар яригдаж морь медальтай, уяач шагналтай. Харин уралдаач хүүхэд л хоосон хоцордог гэх асуудлыг хөнддөг. Тэгвэл шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд унасан хүлгээ түрүүлгэсэн уралдаач хүүхдийн урмыг байраар мялааж баясгасан нь хамгийн гол онцлох үйл явдал байлаа.
Тус уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүлсэн. Хээр азаргыг унаж хурдлуулсан Б.Энхбаяр гэх найман настай, хоёрдугаар ангийн сурагч хүүг Монголын Морин спорт уяачдын холбооноос нэг өрөө байраар шагнав.
Их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнайд хурдалж торгон жолоо өргөсөн билээ. Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өгөв.
Мөн энэхүү наадмын үеэр начны найраагүй үнэнхүү хүчийг үзүүлсэн хүүхдийн барилдаан болсон нь гэгээн байв. Монголын Морин спорт уяачдын холбоо, MNC TV, МҮБХ-той хамтран "Шигшмэл хурдан морьдын "ИХ Хурд-8" Монгол туургатны морьтны өв соёлын наадам"-д "Хуйрнан Шуугигч" хүүхдийн бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Энэхүү барилдаанд Б.Болортулга хүү түрүүлж, үзүүрт Г.Энхтамир шалгарч өргөмжлөл медаль үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Хүүхдүүд ханайтал дэвж, уран мэхийг уралдуулан барилдах нь үгүй ч цэнхэр, улаан өнгийн зодог шуудаг хослуулан өмсөж эртнээс бэлдэж аавтайгаа багагүй бэлтгэл базаагаад ирсэн нь харагдана. Тэднийг засах засуулууд ч дан тэрлэгэн дээл, хромон гутлыг хослуулан өмссөн нь догь.
Барилдааны засвар зайгаар өнөөх хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээндээ бөмбөг тоглоод гүйчихэж байгаа нь ч тун хөөрхөн.
“Их хурд” наадмаар өмнө нь хурдан хүлгийн шандасыг шалгаж шилдгийг шалгаруулдаг байсан бол өнөө жил ийнхүү хүүхдүүдийг урмаар тэтгэсэн наадам болсноороо онцлог байлаа.
Г.Сүрэн
Уншиж байна |