Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд 32 бөх барилдаж, таван шинэ начин “төрсөн” билээ. Шинэ начингуудын нэг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат А.Давааням тавын даваанд хамт гарсан засуулдаа хүндэтгэл үзүүлжээ.
Улсын начин А.Давааням тав давж буй агшинд түүний засуул өөрөө давсан мэт баярлан гүйж буй бичлэг цахим орчинд тархаж, түмэн олонд эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Улсын засуул С.Батжаргал анх удаа төрийн наадамд засуул хийсэн бөгөөд мөн анх удаа өөрийнх нь мөрөн дээрээс улсын цолтон төрсөнд ихэд баярлажээ. Энэ тухай тэрбээр "Баярласан сэтгэл маань хөдлөөд л хар хурдаараа гүйчихсэн. Нэг мэдсэн тугны хажууд зогсож байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Тэгвэл өнөөдөр /2019.07.19/ Улсын начин А.Давааням засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлжээ.
Улсын засуул С.Батжаргал Нийслэлийн хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш аж. Нутгийн ахаараа дамжуулан МҮБХ-нд хандан бөхийн засуул хийх хүсэлтээ уламжилжээ. Бөхийн холбооны удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн авснаар заал, танхимын барилдаанд гурав дахь жилдээ бөхийн засуулаар ажиллаж байгаа гэнэ.
Г.Сүрэн
Уншиж байна |