Э.Содномпилжээ дэлхийн аваргын тэмцээнд явлаа л гэдэг. Дэлхийн аварга боллоо л гэдэг. Ингэх ёстой мэт эсвэл заавал аварга болох л ёстой мэт эх орныхоо, элгэн түмнийхээ итгэлийг алдалгүй амжилт дүүрэн ирдэг тамирчин бол ТЭР.
"Рио-2016" паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпэлжээ тун саяхан Казахстаны Нур-Султан хотод болсон пара поуэрлифтингийн ДАШТ-ээс 107 кг жинд 247 кг өргөж, өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг гурваар ахиулаад зогсохгүй дэлхийн аварга боллоо.
Тэр Риогийн олимпоос хойш зорьсон тэмцээн бүрээсээ амжилт дүүрэн ирж буй. Э.Содномпилжээгийн амжилтаас дурдвал өнгөрөгч 2018 оны тавдугаар сард Финланд улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ болсон. Тус тэмцээнд оролцсон IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж Дэлхийн аварга болсон билээ.
Мөн 2017 оны гуравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү медалийн өнгөө хувиргаж аваргын алтан медалийг энгэртээ зүүж, Дубай хотноо төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Үүнээс хоёр сарын дараа буюу өнгөрөгч 2017 оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан.
МУГТ Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгасан. Энэ л эрч, хүч урам зоригоороо "Токио-2020" олимпод оролцож, Төрийн дууллаа эгшиглүүлээрэй.
Г.Сүрэн