Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан Хүй долоо худагт боллоо.
Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 298 хурдан буян бүртгэгдсэнээс гарааны зурхайгаас 184 хүлэг морджээ. Хурдан морины комиссын хашаанд үүлдэрлэг байдлаар 84 үрээ, шүдэлгээгээр тэнцээгүй дөрвөн хязаалан хасагдаж уяатай үлдсэн байна.
Хурдан морины салбар комиссоос үүлдэрлэг байдлыг тогтоохдоо гурван үе шаттай ажил явуулж байна. Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах тухай 2015 онд батлагдсан журмын дагуу эхний ээлжинд шүдлэгээ хийж дараа нь үүлдэрлэг байдлыг шалгаж байна. Хамгийн сүүлд сэрвээний өндрийг хэмжиж байлаа.
Монгол морьдоос эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгодог.
Шүдэлгээ, үүлдэрлэг байдлыг тогтоох ажлыг ХХААХҮ-ийн сайдын албан бичгээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хэсэгт мал зүйч мэргэжилтэй хүмүүс багтжээ.
Хязаалангийн уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Энэхүү хурдан морийг Б.Цэрэндамба гэх 11 настай эрэгтэй хүүхэд унаж хурдлуулжээ. Уяач Д.Даяндэмид “Хонгор үрээ маань сайхан түрүүллээ. Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй. Өнөөдөр сайхан уралдаж төрийн наадамд түрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалсан бөгөөд Б.Одгэрэл гэх 12 настай эрэгтэй хүүхэд унаж айрагдуулжээ.
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Н.Баттөмөрийн хүрэн хязаалан хурдалсан. Энэ үрээг Б.Болдбаяр гэх есөн настай эрэгтэй хүүхэд унаж уралджээ.
Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын зурвас цавьдар үрээ хурдалсан бөгөөд Г.Баднаа гэх найман настай эрэгтэй хүүхэд унаж айрагджээ. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдалсан. Энэхүү хурдан буянг Т.Баярбат гэх 13 настай эрэгтэй хүүхэд унаж уралдсан байна.
Хязаалан насны морьдын уралдааны үеэр морь хүүхэд эндээгүй гэдгийг Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.
Г.Сүрэн
Уншиж байна |