ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб:
-Эдийн засгийн өсөлтийг хэдий хугацаанд авч явах вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд бүрдүүлэгч хүчин зүйлийг хадгалах хэрэгтэй. Төсвийн бодлого зөөлөн, гадаадаас их хэмжээний зээл авсан бол урт хугацаанд тогтвортой хадгалах боломж байхгүй. Монгол Улсад өндөр бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх боломж байгаа. Энэ нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого оновчтой байснаас эдийн засаг сайжирсан.
Монголын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Эрдэс баялгийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан, Оюутолгой зэсийн уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө, зээлийн нөхцөл байдал уян хатан болсонтой холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо.
Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зарлага санхүүжилтийн хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирч, ЗГ-ийн өрийн хэмжээ 13 хувиар буурч, ДНБ-ий 75 хувь болж буурчээ. Гадаад секторын өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Гэвч ЭЗ-ын өсөлтийн үр өгөөж хүртээмжтэй байж чадахгүй байгааг өрхийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас харж болно хэмээв. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Төв банкны үнэт цаас гэдэг бол эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг бодлогын хэрэгсэл. Төв банк гадаад валютаа нэмэгдүүлж байгаа тохиолдолд үнэт цаас дагаад нэмэгддэг. Энэ нь валютын ханшийг тогтворжуулах бодлого. Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримталсан учир үнэт цаас өссөн. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд өрийн үйлчилгээ, орлогын хязгаарыг ижил түвшинд авах хэрэгтэй.
Н.Энх
Уншиж байна |