Энэ сард зохион байгуулагдсан онцлох томоохон нэгэн арга хэмжээ яахын аргагүй Liberty International олон улсын хурал байлаа.
6 сарын 6-наас 9-ны хооронд Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү хурлын гол зорилго нь чөлөөт нийгэм, эдийн засгийн үзэл санааг дэлгэрүүлэх байсан бөгөөд чөлөөт нийгэм, эдийн засгийг дэмжигч хүн бүрийн заавал очих үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгох нь зөв болов уу. Учир нь тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй нэрт эдийн засагч, профессор, бизнесменүүд цаашлаад олон улсдаа танигдсан нэр хүндтэй эрхмүүд ирж илтгэл тавьж гадаад дотоодын 100 гаруй хүн оролцсон юм.
6 дугаар сарын 6-ны нээлтийн арга хэмжээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын нэрийн хуудас болсон “Улаанбаатарын магтаал” хэмээх гайхалтай бүтээлээр эхэлж, тус хуралд хуран цугласан гадаад болон дотоодын оролцогчид саяхан нээлтээ хийгээд буй АПУ компанийн шинэчлэгдсэн амт, савлагаа дизайнтай Chinggis GrandKhaan болон Боргио брэндүүдийг анхлан амтлах хувь тохиож, АПУ-гийн царайлаг охидууд хуралд оролцогчдын нүдийг хужирлаж байлаа.
Ингээд сүр дуулиантай эхэлсэн олон улсын хурлыг нээж ерөнхий зохион байгуулагч болох Торгоны зам сангийн үүсгэн байгуулагч М.Халиунбат “Эгзономикс” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хурлыг амжилттай эхлүүлсэн.
Хурлын 2 дахь өдөр, нийт 13 илтгэл тавигдсан бөгөөд хуралд оролцогчдыг ёстой л жинхэнэ мэдээллээр бөмбөгдөх шиг болсон. Зарим нэг онцлох сэдвээс дурьдвал, “Засгийн газар ба бизнес эрхлэлт”, “Хар тамхины дайн”, “Санхүүгийн технологи ба дижитал оролцоо” гэх зэрэг өргөн цар хүрээнд үргэлжилсэн. Энэ өдрийн онцлох нэгэн илтгэгч яахын аргагүй Зөвлөлтийн засгийн газар буюу Михаил Горбачевийн үед эдийн засагчаар ажиллаж байсан одоогоор АНУ-ын Висконсон мужийн Корфегений коллежийн эдийн засгийн профессор Юрий Н.Малцев байсан юм.
Хурлын 3 болон 4 дэх өдрүүдэд мөн олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэж байснаас, АНУ-д байрлах бидний сайн мэддэг, зохиолуудыг нь унших дуртай Айн Рэндын нэрэмжит институтийн ерөнхийлөгч Ярон Брүүк, Япон улсаас нягтлан бодогчдын институтээс академийн шагнал хүртсэн судлаач Хироши Ёшида, Атлас Нетворкийн олон улсын хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Том Палмер, Либерти интернэшнл байгууллагын ерөнхийлөгч Кен Скүүллэнд гээд дурдаад байвал олон эрхэм бий.
6 дугаар сарын 8-ны өглөө “Liberty Summit 2019” нэрэн дор зохион байгуулагдсан тус олон улсын хурлын нэг салбар хурлын онцлохгүй байхын аргагүй нэг эрхэм бол алс холын Венесуэл улсаас Монгол улсыг зорин ирсэн ноён Педро Өррөчөртө байлаа. Тэрээр Венесуэл улсад чухам юм болж байгаа тухай, тэд эрх чөлөөний төлөө яаж тэмцэж байгаа талаар хуваалцаж, олон цочирдом тоо баримт, статистик, мэдээ мэдээлэл, зураг видеог хуралд оролцогчидтой хуваалцсан нь олон хүний сэтгэлийг тавгүйтуулсан юм.
Тэрээр онцлохдоо, “Дэлхийн олон улс орон биднээс суралцаасай, бидний гаргасан алдааг битгий давтаасай” гэж байсан юм.
Венесуэлийн алдарт “Халтар царайт” цувралыг үзээгүй монгол хүн ховор. Тэр үед бид ингэж амьдарч болдог гэж үү? хэмээн тус улсын хөгжлийг гайхаж байсан бол төр засгийн явуулж буй буруутай үйл ажиллагаанаас болж өндөр хөгжилтэй байсан Венесуэл улс өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг харж байна.
Түүнчлэн “TFT” үйл ажиллагааны үүсгэн байгуулагч Ли Скүүлланд илтгэлдээ “Ядуу хүн гэж байдаггүй. Ядуу улсад амьдардаг хүмүүс л гэж бий. Харин улс орон ядуу байгаа нь засгийн газартай холбоотой” гэж тодотгов.
Энэ жилийн хурал бизнес болон инновац сэдвийн дор явагдсанаараа бусад өмнө жилүүдийн хурлаас илүү онцлог байсан бөгөөд залуучуудад чөлөөт эдийн засгийн ойлголтыг олгох, орчин үеийн бизнес инновацийн шинэ тренд хандлагуудыг таниулах, мөн чөлөөт нийгмийн үнэ цэнийг ойлгуулж сануулах байсан гэхэд болно. Тиймээс ч оролцогч залуус одоогийн монголын нийгэм, эдийн засгийн талаарх асуултыг гадаадын зочид төлөөлөгчдийн туршлага дээр тулгуурлан асууж, үзэл бодлоо солилцож байсан.
Ингээд 4 өдөр амжилттай зохион байгуулагдсан Liberty International олон улсын хурлын хаалтын арга хэмжээ Чингис Хааны Хүрээ жуулчны баазад болж, зохион байгуулагч болох Торгоны зам сан, Мизес Монгол, Алтан тариа ХХК гаднын зочиддоо Монгол өв соёлыг таниулах үүднээс “Бэсрэг наадам”-ыг, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулсан бөгөөд үзүүлбэр бүр нь зочдыг баясгаж бас гайхшруулж байсан нь илт байлаа.
Liberty International олон улсын хурал нь өмнө нь дэлхийн 34 улсад зохион байгуулагдсан нэр хүндтэй арга хэмжээ. Энэхүү хурлыг Монголд зохион байгуулах эрх авсан Торгоны зам сангийн хамт олон чамгүй том давааг давж, ирсэн зочдоо хөгжөөх зорилгоор хурлын үеэр станд ап комеди, урлагийн номерууд зэрэг олон жижиг сюрпризуудыг бэлдэж, өмнөх хурлуудын хэв маягийг эвдсэн нь энэ жил Монголыг зорин ирсэн зочдод ихээхэн таалагдсан нь тэдний нүүрэн дээр тодрох баяр баясгалангаас харагдаж байсан юм.
Энэхүү арга хэмжээ нь нэг дор олон эх сурвалжаас мэдээ мэдээлэл олгохоос гадна залуучуудад нетворкинг хийж, танилын хүрээгээ тэлэх боломжийг өдөр бүр олгож байсан нь олзуурхууштай.
Ташрамд дурдахад, дараа жилийн буюу 36 дахь удаагийн Liberty International олон улсын хурал нь Колумб улсад зохион байгуулагдахаар тов нь гарчээ.
Уншиж байна |