Ж.Дэлгэрсайхан: Мөнгө угаахтай тэмцэх асуудлыг дан ганц банк санхүүгийн системд даатгаад шийдвэрлэх боломжгүй
СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8.6% хувьд хүрч, гол үзүүлэлтүүд эерэг хандлагатай байна. Гэхдээ гадаад хүчин зүйлсээс хамааралтай эрсдэл оршсоор байгаа бөгөөд тэдгээр эрсдэлүүдийн талиар яриагаа эхэлье.
Эдийн засгийн нөхцөл байдал 2016 оныг бодвол харьцангуй сэргэж, суурь статистикууд тухайн үеийг бодвол ихээхэн өөрчлөгдөөд байна. Тухайлбал эдийн засгийн өсөлт олон улсын байгууллагуудын хүлээлтээс давж 8.6% хүрсэн, төсвийн тэнцэл 2018 онд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр ашигтай гарсан, инфляци төв банкны зорилтын түвшинд байгаа, гадаад валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч 8 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч өссөн, ажилгүйдлийн түвшин 6.6% болж буурсан ихээхэн эерэг дүр зураг давамгайлж байна. Ойрын хугацаанд ч энэ байдал хадгалагдахаар хүлээлттэй байна. Үүний цаашид хүртээмжтэй иргэдийн амжиргаанд нөлөөлөх байдлыг нэмэгдүүлэх тал дээр хийх ажиллах шаардлагат бидний өмнө тулгараад байна.
Нөхцөл байдал ийнхүү сайжрахад гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөн, гадаадын хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн, урсгал дансны алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай байгаа зэрэг нь суурь болж байгаа. Нөгөө талаас ОУВС-ын хөтөлбөр хэрэгжиж, зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлого эдийн засгийг дэмжих чиглэлд байгаа нь эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ эдгээр нь эдийн засгийг хэт халах нөхцөл байдлыг бий болгож болзошгүй бөгөөд үүнээс сэргийлэх ёстой. Энэ нь мөнгөний бодлогын хүрээнд хийж байгаа арга хэмжээгээр харьцангуй хангагдаж байна гэж харж байна.
Эдийн засаг тоон үзүүлэлтүүдийн хувьд харьцангуй сайн байгаа гэж хэлж болох боловч гадаад зах зээл, санхүүгийн зах зээлтэй холбоотой томоохон эрсдэлүүд байгааг бид анхаарч түүнээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах нь чухал байна. Монгол Улс гадаад хүчин зүйлсээс хамаарах хамаарал өндөр хэвээр байгаа учраас хэд хэдэн эрсдэл байгааг хэлэх нь зүйтэй. Юун түрүүнд АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан шийдэгдэлгүй хурцадмал байдалд шилжсэн, түүхий эдийн үнэ тэр дундаа зэсийн үнэ буурах хандлага үүсээд байгаа зэрэг нь манай эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Мөн эдийн засаг үзүүлэлтүүд сайн байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалт хангалттай түвшинд сэргээгүй, гадаад хүчин зүйлээс гадна дотоод эрсдэл өндөр байгаа энэ үед мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны хүрээнд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох томоохон эрсдэл байгаа нь бидний анхаарвал зохих гол асуудлын нэг юм.
- Та саарал жагсаалтын талаар ярилаа. Энэ нь яг юу вэ, хэрэв саарал жагсаалтад орвол манайд хэрхэн нөлөөлөх вэ?
Сүүлийн үед дэлхийн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагаанд ихээхэн шинэчлэл хийгдэж, дэвшил гараад байгаа. Олон улсад үүнийг хангаж ажиллах чиг үүрэгтэй ФАТФ гэж байгууллага байдаг. Тус байгууллагаас 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг улс орон болгоноос шаарддаг юм. Энэ нь үндсэндээ тухайн улс оронд мөнгө угаах болон терроризмын ажиллагаа явахаас урьдчилан сэргийлж байгаа зүйл. Үүнтэй холбоотой гэмт хэргүүд цаг үеэ дагаж шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаа учраас түүнээс хамгаалах, газар авахуулахгүй байх хүрээнд томоохон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэ.
Монгол Улс ФАТФ-ийн Ази номхон далайн бүсийн байгууллагын гишүүн. 2016 онд нэг анхааруулга ирсэн нь энэ тогтолцоо манайд хоцрогдолтой, ихээхэн ажил хийх хэрэгтэй байна, хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол “хар саарал жагсаалт”-д оруулж болзошгүй хэмээн анхааруулсан. Энэ бол харгалзаж үзэхгүй байхын аргагүй ноцтой анхааруулга. ФАТФ-ын хар жагсаалтад Умард Солонгос, Иран зэрэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орнууд багтдаг. Хэрэв Монголыг бусад улс орнуудтай энэ чиглэлээр хамтарч ажилладаггүй хэмээн үзэж хар, саарал жагсаалтад оруулбал, манай гадаад төлбөр тооцоо үндсэндээ зогсоно. Манайхтай харилцах улс байтугай компани байхгүй болох эрсдэлтэй болно. Учир нь манай улстай харилцвал тэдгээр улс орнуудыг мөн л хамтран ажилладаггүй гэж үзэх боломжтой. Энэ нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засаг эмзэг эрсдэлтэй байгаа үед бидэнд ихээхэн сөрөг нөлөө авчрах нь тодорхой юм. БНАСАУ-ын жишээг харвал тухайн улс хар жагсаалтад орох үед дэлхийн бараг бүх улсууд санхүү эдийн засгийн харилцаагаа хязгаарлаж, тэнд үйл ажиллагаа эрхэлдэг бизнесүүд алдагдлаа хүлээгээд гарсан байдаг. Саарал жагсаалтад орох, эсвэл хамтран ажилладаггүй гэж тодорхойлно гэдэг нь тухайн орныг эрсдэлтэй болгож, бүх зардлыг нэмэгдүүлнэ. Эрсдэл гэдгийн ар талд болзошгүй алдагдал агуулагдаж байдаг учраас банк, санхүүгийн байгууллагууд үүнээс болгоомжилдог. Банкны үйлчилгээ авахад тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Энэ шимтгэл ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь цаашлаад бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлөх байдлаар нийт эдийн засагт дарамт болох магадлалтай юм.
Нөгөөтээгүүр, зээлжих зэрэглэл унах аюултай. Улсын зээлжих зэрэглэл буурснаар Засгийн газар, компаниудын олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигдах, хөрөнгө татах зардал нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулагчдын шийдвэрт нь сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар үүснэ. Манай улсын эдийн засгийн хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, гадаад улсуудтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтуудад ахиц гарч байгаа үед эдгээр эрсдэлүүдийн хор уршиг маш их болохыг олон улсын байгууллагууд анхааруулж байгаа.
Монгол Улсын хувьд олон талаар хоцрогдолтой байсан ч заагдсан хугацаанд хангалттай идэвхи чармайлт, дэвшил гаргасныг үнэлж хар жагсаалтад оруулахаа больж, саарал жагсаалтад оруулах эсэх талаар хэлэлцэх хугацааг сунгаад байгаа. Энэ нь сүүлийн 2 жилд хийсэн банк, санхүүгийн зах зээлийн болон мөнгө угаах терроризмтэй тэмцэх тал дээр гаргасан эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой. Эрх зүйн орчны шинэчлэлийг хийсэн тал дээр Монголбанкны гаргасан хүчин чармайлтыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь энэ богино хугацаанд олон хуулиудыг УИХ-аар батлагдан гарахад мэргэжлийн байгууллагын зүгээс оролцсоноос гадна мөнгө угаах терроримтэй тэмцэх эрх зүйн орчныг цаг тухайд нь сайжруулж чадсанаар хугацааны хувь хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж би хувьдаа харж байгаа.
- Манай хууль эрхзүйн орчин сайжирсан гэж байгаа. Тэдгээр дэвшлээс дурдахгүй юу?
ФАТФ-ын 40 зөвлөмжтэй зарчмын хувьд нийцтэй болгох чиглэлээр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд хэд хэдэн өөрчлөлт орсон. Хуулийн үг хэллэг бүр цаанаа нарийн утга илэрхийлдэг учраас зөвлөмжтэй нийцтэй болгох нь чухал. Хуулинд Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдлыг баталгаажуулж, санхүү технологийн хөгжилд тулгуурлан мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийг өргөжүүлж тодорхойлох, хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, өмч хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор авдаг болгох гэх мэт заалтууд орсон.
Мөн Монголбанкны дэмжлэгтэйгээр банкнаас бусад салбарын хяналт шалгалтын тогтолцоонд ашиглах баримт материалыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажлууд хийгдсэн байгаа. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоонд харилцагчаа таниж мэдэх гэдэг бол хамгийн суурь ойлголт. Тиймээс банк, банк бус, хуульч, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гээд салбар бүрт харилцагчаа таниж мэдэх үйл ажиллагааны журам заавар, зохицуулалтад томоохон ахиц гарахад төв банкны оролцоо их болохыг тэмдэглэх нь зүйтэй байх.
Цаашлаад, ФАТФ-ын зөвлөмжүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооноос гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх заалтууд багтдаг. Манай улс харьцангуй тайван улс ч гэлээ зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой учраас хуулинд оруулсан. Дээр дурьдсан Үндэсний зөвлөл нь энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж бий болсон маш чухал бүтэц. Үндэсний зөвлөлийг ХЗДХ сайд даргалдаг бөгөөд төрийн бусад байгууллагуудын удирдлагууд гишүүнээр ажилладаг. Зөвлөлд ийм олон төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа үндсэн шалтгаан нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа ганц, хоёр байгууллагын хүчин чармайлтаар гүйцэтгэгдэх зүйл биш.
- Тэгэхлээр энэ нь санхүүгийн ойлголтоос давсан хэрэг үү?
Ер нь бол тэгэж хэлж болно. Энэ асуудлыг зөвхөн дан ганц банк санхүүгийн системд даатгаад асуудал шийдвэрлэгдэх боломжгүй юм. Гэмт хэргээс олсон мөнгөө хүн ямар ч хэлбэрт хөрвүүлж өөрчлөх боломжтой болсон. Урд нь зөвхөн мөнгө угаах гэдэг нь бизнес, банк санхүүгээр хязгаарлагддаг байсан бол одоо эдийн засгийн бараг бүх салбарт хамаатай болсон. Жишээлбэл, хүн нотариатаар дамжуулж саарал мөнгөөрөө үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах, эсвэл үнэт металл, үнэт эдлэл арилжаалах юм бол эх үүсвэрийг нь тодруулахгүй өнгөрөх боломжтой. Энэ утгаараа бүх талаасаа хүчин чармайлт гаргаж, нягт ажиллаж байж гэмээн бид нэгдүгээрт мөнгө угаах үйл ажиллагаанаас сэргийлж чадна, хоёрдугаарт ФАТФ-ын саарал жагсаалтад орохгүй байх боломжтой юм.
Хэдийгээр Монголбанкны хүчин чармайлтаар банкны салбар дахь ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилт өндөр гүйцэтгэлтэй байгаа ч гэсэн бусад салбарт хоцрогдолтой байсаар байгаа. Хэрэв бүх талаар хамтран ажиллаж зөвлөмжийн хэрэгжилтийг хангахгүй бол манайхыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй буюу хамтран ажилладаггүй орон хэмээн саарал жагсаалтад оруулна. Үүний хор хохирлыг манай улсын иргэн бүр амсана. Юун түрүүнд манай банкуудтай харилцах банкууд цөөрч, хоёр хөршийн корреспондент банкууд л үлдэх байх. Одоо ч гэсэн энэ тал дээр тодорхой асуудлууд байгаа гэдгийг дээр дурдсан. Монголчууд гадагшаа мөнгө шилжүүлэх, гаднаас мөнгө хүлээж авахад асуудал үүснэ. Гадаадад сурч байгаа хүүхдийнхээ оюутны төлбөрийг шилжүүлж чадахгүй эсвэл гадагшаа экспортолсон барааныхаа мөнгийг буцааж авч чадахгүй болно гээд бодоод үзэхэд хэр том асуудал болох нь ойлгогдох болов уу.
- Одоо юу хийж, гүйцэтгэх шаардлагатай байна вэ?
Өнөөгийн байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан, банк санхүүгийн холбогдох журмуудыг шинээр болон шинэчлэн баталсан, Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журмыг баталсан, Үндэсний зөвлөл болох Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр болон бусад олон ажлууд хийгдсэний үр дүнд 14 зөвлөмжийн үнэлгээг урьдчилсан байдлаар ахиулаад байгаа. Энэ нь чамлахаар үр дүн биш гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ цаашид хийх ажлууд нилээд байгаа нь бас үнэн юм.
Одоогийн хийгдэх ёстой байгаа ажлуудаас дурьдвал Терроризмтой тэмцэх тухай хуульд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг тусгаж, ФАТФ-ын зөвлөмжинд шинэчлэн нийцүүлэх, хууль хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шүүхийн шатанд энэ чиглэлээр хэрэг шийдвэрлэлтэд ахиц гаргах, энэ талаар мэдээлэх, иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажлууд байна.
- Хууль хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа гэж байна энэ нь хэрхэн хангагдах вэ?
Энэ нь өнөөдөр бидэнд байгаа нэг алдаатай хандлагатай холбоотой. Нэг асуудлыг нэг л байгууллагад хамаатай мэт, бусад нь үүнд хамаагүй мэтээр асуудалд хандах нь буруу юм. Ялангуяа мөнгө угаах, терроризмтай тэмцэх энэ асуудал нь дэлхийн хэмжээнд чухлаар тавигдаж байгаа бөгөөд олон талын оролцоотой шийдвэрлэгдэх нь тодорхой юм. Иймээс хууль хүчний байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэгийг онцолж байгаа юм.
Юун түрүүнд Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулж төрийн, хууль хүчний байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтын хүрээнд хамтран ажиллах боломж бүрдсэн. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Хэрвээ аль нэг тал хүчин чармайлт гаргахгүй бол зөвлөмжүүд хангагдахгүй улмаар Монгол Улс саарал жагсаалтад орох аюултай тул аль нэг тал гэхгүй бүгд олдсон боломжоо ашиглаж бүхнийг хийх хэрэгтэй. Үүнд иргэдийн оролцоо ч чухал.
- Ярилцсанд баярлалаа.