Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Капитал” банкны дампуурсан шалтгаан
2019-06-17

-Эрх бүхий хүлээн авагч нь өнөөг хүртэл “Капитал”-ыг хуучин удирдлагаас нь аваагүй байна-

 

 

УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчтэйгөө нийлж байгаад “хонгил”-ын гэх шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын удирдлагыг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилоод байгаа. Тэгвэл “хонгил”-ынхны талын, санхүүгийн салбарыг атгаж буй нэг хүн үлдсэн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад томилогдсон түүнийг банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй гэж шүүмжлэх хүн олон бий. Үүний тод жишээ нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх санал. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан саналдаа “Монголбанкны ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж “Капитал” банкны дампууруулсан зэргээс дүгнэхээр байгаа тул УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж өгнө үү” гэсэн юм.

 

Арилжааны банкийг хянах, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох эрх нь төв банканд бий. Гэсэн ч хадгаламж эзэмшигч, харилцагч олон хүнийг хохироон, улсын эдийн засагт, хохирол учруулж, “Капитал”-ыг дампууруулж байгаа нь яалт ч үгүй Н.Баяртсайханы хариуцлагатай холбоотой.

 

Үндэсний хөрөнгө оруулалттай, гадаадын ямар нэг санхүүжилтгүй тус банкийг хавчиж, унагачихаад, өдгөө гадаадын “Bank of China”-г оруулж ирэхээр болж буйг эх сурвалжууд хэлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе хэмээн дээр, дооргүй тунхагладаг хэрнээ гадаадын хувь эзэмшил, хөрөнгөгүй Монголын банкаа дампууруулсан нь Н.Баяртсайхантай шууд холбоотой учраас УИХ түүнийг чөлөөлөх асуудлыг даруй хэлэлцэх хэрэгтэй сэн.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар ч Төвбанканд ажиллахдаа “Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн нь хүлээлтэд хүрэхгүй байна. Монголбанк инфляцыг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” хэмээсэн. Түүгээр зогсохгүй

 

Төвбанкны хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг хөндөж, “Төвбанк бол төрийн чухал институц. Тиймээс хүний нөөц, боловсон хүчний хувьд шилдэг мэргэжилтнүүд энд ажиллах ёстой” хэмээн анхааруулсан. Гэвч Монголбанканд шилдэг мэргэжилтнүүд ажиллаж, үндэсний банкуудаа дэмжиж, тогтвортой байлгах талаар юу ч хийхгүй байгаа юм. Үүнийг “Капитал” банкны үйл ажиллагааг огт дэмжээгүй хэд хэдэн баримтаар уншигчдадаа хүргэе.

 

Н.Золжаргал, Н.Баяртсайхан нар дэмжлэг үзүүлэх чиглэлээр хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй байв

 

Төвбанкнаас дампуурлыг нь зарлачихаад байгаа “Капитал”-ын тухайд Монгол Улсын бүх аймаг, зарим сум, нийслэлийн дүүрэг, хороодыг хамарсан 79 салбар нэгжтэй, мэргэжлийн 470 гаруй боловсон хүчинтэй банк. Тэдгээрээр дамжуулж, 480 мянган харилцагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээ, нийслэлийн 161 хорооны 39 000 иргэнд тэтгэвэр, 130 хорооны 241 000 хүнд халамжийн үйлчилгээ үзүүлж байсан юм.

 

Гэвч банк санхүүгийн салбарын тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр тус банканд тодорхой хүндрэл үүссэн үү гэвэл тийм. Тухайлбал, 2014-2017 онд улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал банкны салбарт ч нөлөөлж, иргэн, аж ахуйн нэгжүүд авсан зээлийнх нь эргэн төлөх чадвар удааширч, зогсонги байдалд орсон билээ. Монгол Улсын эдийн засгийн 95 хувь нь ногддог банкны салбарт ийнхүү хүндрэл үүссэн юм. Түүнээс гадна 2015 оны долдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын даалгавраар “Капитал” банканд байршуулсан Хөгжлийн банкны 156.3 тэрбум төгрөгийг хугацаанаас нь өмнө буцаан татсан нь ч нөлөөлжээ. Мөн Төвбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 300 гаруй аж ахуйн нэгжид олгосон 133.1 тэрбум төгрөгийн зээлдэгчийн өрийг Монголбанк дахь “Капитал” банкны харилцах данснаас шууд суутгасан нь үйл ажиллагаа доголдоход нөлөө үзүүлсэн нь гарцаагүй.

 

Дээрх байдлуудаас үзэхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Найдансүрэнгийн Золжаргал, өнөөгийн тэргүүн Надмидын Баяртсайхан нар “Капитал”-ын үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлээр хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй, тус банканд дэмжлэг үзүүлээгүй нь тодорхой байгаа юм. Энэ хоёр ерөнхийлөгч хэнийх нь банканд дэмжлэг үзүүлдэг, хэнд нь үзүүлдэггүй нь хачирхалтай. 2014-2016 онд нэр бүхий гурван банканд өнөөдрийн “Капитал”-ынх шиг санхүүгийн хүндрэл учирч, зохистой харьцаа нь алдагдсан байдаг. Тэр үед Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар зөв шийдвэр гаргаж, дээрх гурван банканд тодорхой хугацааны (ойролцоогоор гурван жил) тусгай төлөвлөгөө гарган, Монголбанкнаас бодит дэмжлэг үзүүлэн ажилласнаар нэр дурдсан банкуудын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн болсон гэдэг. Мөн Н.Золжаргал Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд дэмжлэг үзүүлж, нэгэнд нь л гэхэд 100 тэрбумыг өгчихөөд өнөөг хүртэл аваагүй, АТГ-аас уг мөнгийг ав гэж удаа дараа шаардахад өнөөгийн Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан тэргүүтэн тэр банк дампуурчихна гээд тодорхой хугацааны дараа эргүүлж авахаар болсон нь яалт ч үгүй “хонгил”-ынхны дэмжлэг гэж харахаар байгаа юм.

 

Харин “Капитал”-д тэд ямар дэмжлэг үзүүлэв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарын захьсан “Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна” гэдгийн эсрэг ажилласан гэхэд хилсдэхгүй. “Капитал”-ыг тогтвортой байлгах чиглэлээр ямар ч арга хэмжээ аваагүй атлаа холбогдох удирдах албан тушаалтнуудад ярихдаа “Бүх талаар дэмжиж ажилласан” хэмээн худлаа “залсан” гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

 

ОУВС-гийн үнэлгээгээр эхний хоёрт багтсан нь хангалттай үзүүлэлт биш гэж үү

 

Уг нь Олон улсын валютын сан (ОУВС)-гаас 2017 онд шалгалт, үнэлгээ хийхэд хангалттай дүн үзүүлж, “Голомт”, Худалдаа хөгжлийн, Улаанбаатар хотын банкуудаас илүү үзүүлэлттэй байсан. Гэтэл тэдэндээ зохих арга хэмжээ аваагүй атлаа “Капитал”-аар туг тахисан нь Төвбанкныханд ямар нэг ашиг сонирхол байна гэж хардахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Зөвхөн “Капитал”-ыг тусгайлан үйл ажиллагааг нь хязгаарлаж, бусдыг авч үлдсэн нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Монголбанкны удирдлага зөрчсөн үйлдэл.

 

Монголбанкнаас 2017 оны долдугаар сараас есдүгээр сард бүх арилжааны банканд ОУВС-гийн болон активын чанарын үнэлгээ хийсэн байдаг. Бусадтай харьцуулахад “Капитал” хангалттай сайн үнэлэгдэж, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн аж. Тус банк нэмж нийтдээ 330 тэрбум төгрөгийн зээлийн багц, III зэрэглэлийн активуудад хийсэн иж бүрэн шалгалтын үнэлгээгээр 54 тэрбум төгрөгийн сан нэмж байгуулан балансад тохируулга хийснээр өөрийн хөрөнгийн харьцааг хангахад 100 тэрбум төгрөг дутагдах байжээ. Тухайн үед банкны актив 760 тэрбум төгрөг байсан аж. Гэтэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч нь 2018 оны тавдугаар сард банкны тайлан тэнцэлд тохируулгыг буруу хийж, өөрийн хөрөнгийг дутагдлыг 299 тэрбум төгрөг хэмээн үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь магадгүй удирдлагынхаа өгсөн тушаалыг биелүүлсэн байж ч болох.

 

Ингээд 2018 оны аравдугаар сард дахиж гэнэтийн шалгалт “Капитал”-д оруулж, ОУВС-гийн шалгалалтаар байгуулсан 54 тэрбум төгрөгийн санг хүчингүй болгож, 210 тэрбум төгрөгийн сан нэмж байгуулах, өөрийн хөрөнгийн дутагдлыг 300 тэрбум болгосон нь дээр дурдсан 299 тэрбумаа бариулж тооцсон дүгнэлт аж. Түүгээр зогсохгүй Төвбанк ОУВС-гийн өмнө арилжааны банкуудаа хянаж, тэдгээрийн бүтцийг өөрчилж, татан буулгаж байгаа мэтээр өөрсдийн хууль бус үйлдлийг ч халхавчилж байж болзошгүй нь.

 

Эдгээрээс гадна Монголбанкныхан “Капитал”-ыг дэмжээгүй атлаа зээлдэгч нар нь хувиараа хөөцөлдөж, Төвбанкны эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзахад зээлийнх нь төлбөрийн хугацааг сунгасан нь цаанаа ямар нэг учиртай байсан мэт. Тодруулбал, “Капитал” банк Монголбанкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 70 орчим тэрбум төгрөг дамжуулан хувийн хэвшлийнхэнд зээлдүүлжээ. Улсын эдийн засаг хүндэрсэн он жилүүдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх санал Төвбанканд тавьж байсан ч үл ойшоодог байж. Гэтэл “Капитал”-ын зээлдэгч барилгын нэг компанийн 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын хөөцөлдсөнөөр сунгаж өгч байв. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр, Төвбанк арилжааны банкаа огт дэмжээгүй хэрнээ хувийн компаниуд  түүн дотроо танил талаараа хөөцөлдөхөд олон аж ахуйн нэгжүүдээс сонгон аль нэгэнд нь давуу байдал олгон зээлийг сунгасан нь Төвбанкныханд ямар нэг ашиг сонирхолын зөрчил байсан нь харагдаж байна.

 

Монголбанкны ерөнхийлөгч томилогдсоноосоо хойш л “Капитал”-ыг нүд үзүүрлэх болжээ

 

Засгийн эрхийг МАН авсан 2016 оны зун Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилж, Н.Золжаргалыг чөлөөлсөн билээ. Түүнээс хойш Н.Баяртсайхан “Капитал” банкийг хавчин шахах бодлого барьсаар ирсэн гэхэд хилсдэхгүй нь. Өөрөөр хэлбэл, тус арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхийг үе шаттайгаар зогсоож, түдгэлзүүлснээр ашиг орлого нь буурч, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах болсноор хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, зээлдэгч нар төлбөрөө төлөхгүй байх нөхцөл үүсгэсэн аж. Тухайлбал, Н.Баяртсайханы тушаалаар 2017 оноос эхлэн “Капитал”-ын хэд хэдэн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Арилжааны банкны гол үйл ажиллагаа нь хадгаламж татан төвлөрүүлж, зээл олгон, зөрүү хэдэн хувиас нь ашиг олох дээр тогтдог. Тэгвэл “Капитал” банкны гол үйл ажиллагаа болсон зээл олгохыг, зээлийн нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах, графикт өөрчлөлт оруулах, зээлийн батлан даалт гаргах, чанаргүй зээлийн өрөнд хураасан эд хөрөнгийг худалдан борлуулах, хадгаламж татах, шинээр хувьцаа эзэмшигч нэмэх, өөрчлөхийг нь зогсоосон юм. Төвбанкны удирдлага зориуд ингэж хавчиж, хяхсанаар арилжааны энэ банкны үйл ажиллагаа доголдох болжээ.

 

Үүнээс гадна Монголбанкны Хяналт шалгалтын газраас өнгөрсөн жилүүдэд “Капитал”-д томилогдон ажиллаж байсан хянагч нар нь Төвбанкны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж, “Капитал” банк дампуурах гэж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацсанаас харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгч нарын тус банканд итгэх итгэлийг алдагдуулсан. Ингэснээр зээлдэгч нар л гэхэд авсан зээлээ төлөхгүй, хөшүүн хойрго болсон гэх мэтээр хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан байна.

 

Мөн Банкны тухай хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгч томилж, банкны хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, энэ хуулийн 53-56 дугаар зүйл дэх Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, тусгай төлөөлөгч томилон банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах, үндсэн үйл ажиллагааг нь хадгалах, хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, төрөөс гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтлах арга хэмжээ авалгүй, өөрсдийнхөө үзэмжээр л “Капитал” банкийг татан буулгахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь Банкны тухай хуулийн үндсэн гол зарчим, зорилтыг зөрчсөн үйлдэл төдийгүй цаашид банкны салбарт тогтворгүй байдал бий болгож, төр, харилцагчийн эрх ашгийг хохироосон асар их хор уршигтай шийдвэр болов.

 

Н.Баяртсайханы “Капитал”-ыг нүд үзүүрлэсэн бас нэг үйлдэл нь Хяналт, шалгалтын газрынхандаа үүрэг даалгавар өгч хавчсан явдал. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Капитал” банкны удирдлагуудын зүгээс хуулийн дагуу хүссэн 100-150 тэрбум төгрөгийн банкийг хүндрэлээс гаргахад зориулсан зээлийг олгохоос удаа дараа татгалзаж байсан мөртөө тус банкны 20 саяас дээш төгрөгийн даатгуулаагүй хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг гаргуулах зөвлөмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төвбанкны тухай хуулийн 11.1.2-т заасан Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ банкинд зээл олгох, санхүүгийн  хэрэгсэл ашиглах арга хэмжээ авч болох тухай заалтыг үл ойшоон банкийг дэмжих боломж байсаар атал хэрэгжүүлэлгүй, ерөнхийлөгч нь өөрийнхөө үзэмжээр шийдвэрлэсэн нь нэг арилжааны банкаа хавчиж, хяхсан үйлдэл биш гэж үү. Түүний энэ мэт үйлдэл нь “Капитал” банкны үйл ажиллагааг хүндрэлд оруулж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болгон, санхүүгийн тогтворгүй нөхцөл үүсгээд байгаа. Тиймээс Н.Баяртсайханд хариуцлага тооцож, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх нь зүйд нийцнэ.

 

Төвбанкнаас “Капитал”-ыг дампууруулах бодлого санаатай явуулсан гэв үү

 

Монголбанк арилжааны “Капитал” банкны үйл ажиллагаанд бодит үнэлэлт, дүгнэлт өгч байсан уу гэвэл үгүй. Төвбанкныхан хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, зөвхөн шаардлага, сануулга, даалгавар нэртэй хэдэн хуудас цаас бичиж өгөх зэргээр л явж иржээ. Уг нь “Капитал”-ын гүйцэтгэх удирдлагаас ТУЗ болон банкны үйл ажиллагааг сайжруулах талаар цөөнгүй удаа санал, хүсэлт Төвбанкныханд тавихад шийдвэрлэхээс татгалзаж байсан гэнэ. Банкны үйл ажиллагааг тогтворжуулахад 100-150 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн түр хугацааны зээл хүссэн тухай дээр дурдсан. Гэвч хуулийн дагуу хүссэн уг түр зээлд 30 тэрбумыг олгохоор шийдвэрлэсэн нь банкны үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж чадаагүй аж. Уг нь “Капитал”-ынхан эрсдэлээс гарах төлөвлөгөөгөө гаргаж үзэхэд 100-150 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн дүн гарсан гэдэг.

 

Тус банкийг хүндрэхэд Төвбанкны ерөнхийлөгчийн шийдвэрүүд нөлөөлсөн талаар өмнө нь өгүүлсэн. Тухайлбал, банканд заавал байлгах нөөцийн торгуульд 11 тэрбум төгрөгийн алданги төлүүлсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа юм.

 

ОУВС-гийн үнэлгээгээр “Капитал” банк “хангалттай” гэсэн дүн авч, 48 тэрбум төгрөгийн сан байгуулчихаад байхад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы тусгай удирдамжаар 2018 оны арваннэгдүгээр сард шалгалт хийж, 220 тэрбум төгрөгийн сан байгуулахаар шийдвэрлэсэн нь банкны алдагдлыг өсгөж, санаатайгаар дампууруулах гэсэн зорилго агуулсан гэж үзэж болохоор байна. Хэрэв Төвбанкны ерөнхийлөгч зээлийн нөхцөл өөрчлөх хязгаарлалт хийгээгүй бол 220 тэрбум төгрөгт сан байгуулах шаардлагагүй байж.

 

Тус банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК-ийнхан 99.97 хувийг эзэмшиж, 53 тэрбум төгрөг оруулсан байснаа энэ оны нэгдүгээр сард 29 тэрбумаар өсгөөд байхад нь дампууруулах шийдвэр гаргасан нь хувьцаа эзэмшигчдийг ч хохироож буй үйлдэл. Уг нь банкны нэр бүхий томоохон харилцагч нар хадгалуулсан 100 тэрбум төгрөгөө хувьцаанд хөрвүүлж хамтран ажиллах, үйл ажиллагааг нь сайжруулах саналаа удаа дараа Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлсэн ч хүлээн зөвшөөрөөгүй нь бас Төвбанкны удирдлагын ашиг сонирхолтой холбоотой нь гарцаагүй.

 

Банк өөрийн хөрөнгөө нэмэхээр Н.Баяртсайхан тэргүүтэнд ийнхүү хүсэлтээ удаа дараа өгөөд байхад шийдвэрлэхээс татгалзсан атлаа иргэд, олон нийт, УИХ-ын гишүүдэд “Капитал” ямар ч арга хэмжээ аваагүй мэтээр буруу ойлголт өгч байгаа нь харамсалтай. Уг нь хөрөнгө оруулахаар тохиролцсон АНУ-ын компани байсан ч Монголбанкныхан “Капитал”-ын талаар ташаа ойлголт төрүүлснээс болж далайн чанадын аж ахуйн нэгж эрсдэлээ бодоод саналаасаа татгалзжээ.

 

Ийнхүү хавчиж, шахсаар энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал” банканд эрх хүлээн авагч томилох тухай А/95, А/96, А/97 дугаартай тушаал Н.Баяртсайхан гаргасан нь Банкны тухай хууль зөрчсөн ч байж болзошгүй байна. Энэ хуулийн 49.1-д  “Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно” гэж заасан. Гэтэл бүрэн эрхт төлөөлөгч бус, эрх хүлээн авагч “Капитал”-д томилсон нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй нь.

 

Ийм байдлаар “Капитал” хэмээх арилжааны банкийг хавчин боосоор байгаад дампуурч буйг нь олон нийтэд мэдээлсэн атлаа Төвбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч нь өнөөг хүртэл хуучин удирдлагаас нь албан ёсоор банкийг хүлээн авч, баталгаажуулаагүй гэнэ. Энэ нь банкны өмч хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, барилга, актив хөрөнгүүд эрсдэлд орох магадлалтай болгочихоод буй аж.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Капитал” банк санхүүгийн хувьд хүндэрсэн бодит шалтгаан нөхцөлийг үнэн, зөвөөр тогтоож, хуулийн дагуу арга хэмжээ авсан бол өнөөдөр банк санхүүгийн салбарт хүндрэл үүсэж, төр болон харилцагч нарыг хохироохгүй байсан нь ойлгомжтой. Гэвч ийм арга хэмжээ аваагүй, өөрөө хууль зөрчөөд сууж байсан үйлдлээ хаацайлж, зөвтгөхийн тулд Хэвлэл мэдээллийн албаараа дамжуулан өдөр тутмын мэдээллийн хэрэгслийнхэнтэй хаалтын гэрээ гээчийг байгуулан, “Капитал” банкнаас өгсөн бодит мэдээллийг гаргуулахгүй байгаа нь Н.Баяртсайханы арьсаа хамгаалсан үйлдэл гэхэд хилсдэхгүй.

 

Тиймээс энэ мэтээр хууль зөрчиж, арилжааны нэгэн банкаа дампууруулчихаад ажигч үгүй суугаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхандаа УИХ хариуцлага тооцох ёстой болжээ. Хэрэв тэгэхгүй бол цаашид арилжааны хэчнээн банкны “амыг барьчихаад”, харийн банканд найр тавьж сууж ч мэдэх нь.

 

Б.Билэгт

http://tac.mn

Shuud.mn
Сонин хачин