3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (зургаадугаар сарын 18-нд) Нидерландын Амстердамд эхэлнэ. Дэлхийн шилдэг 20 орны шигшээ баг өрсөлдөх уг тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа багтаж байгаа нь бидний хувьд сайхан мэдээ. Монголын тамирчид багийн спортоор, тэр дундаа хөгжлийн дээд цэгтээ хүрсэн сагсан бөмбөгөөр дэлхийд өрсөлдөж яваа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм.
ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож буй манай эрэгтэй сагсчид В хэсгийн хоёр дахь чансаатай багаар бичигдэж байна. Маргааш ОХУ, Эстонтой, зургаадугаар сарын 20-нд Пуэрто-Рико, Украины багуудтай тоглох бөгөөд хэсгийн эхний хоёрт багтвал цаашид хасагдах шатанд өрсөлдөх билээ. 2018 онд Филиппиний Бокауэд болсон ДАШТ-д анх оролцохдоо Монголын залуус Филиппин, ОХУ, Бразилийг хожиж, Канадын багт хожигдон хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Сербийн шигшээд хожигдож байсан юм.
Дэлхийн дэвжээнд анх удаа гарч буй Монголын бүсгүй сагсчид чансаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй. Манай баг С хэсгийг тэргүүлж, зургаадугаар сарын 18-нд Иран, Румын, зургаадугаар сарын 20-нд Чех, Испанийн багуудтай өрсөлдөх оноолттой юм.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй баг
Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Энхтайваны Цэрэнбаатар, Цогтын Отгонжаргал
Эмэгтэй баг
Баатарын Болор-Эрдэнэ, Баясгалангийн Солонго, Даваасүрэнгийн Ганзул, Энхтайваны Чимэддолгор
Дасгалжуулагч Сүхбаатарын Тулга
М.Бүүвэй
Уншиж байна |