Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбоог Дэлхийн хөнгөн атлетик (World Athletics) хэмээн нэрлэхээр болж байна. Дэлхийд хамгийн олон хичээллэгчтэй тус спортын байгууллагын орчин цагийн хандлагад нийцсэн шинэ дүр төрхийг бүтээх, сонирхогчид дэмжигчдийг илүү ихээр татахын төлөөх судалгааны дүнд ийм шийдэлд хүрчээ.
“Манай шинэ брэнд нь хөнгөн атлетикийн шинэ залуу үеийг татахад үүрэгтэй гэж итгэж байна” хэмээн IAAF-ийн ерөнхийлөгч, олимпийн аварга Себастьян Коэ хэлэв. Түүнчлэн тус байгууллагын гүйцэтгэх захирал Жон Рижон “IAAF хэмээх нэрийг 100 гаруй жил ашигласан ч хөнгөн атлетикаас өөр газарт төдийлөн мэддэггүй. Шинэ нэр маань спортоо бүрэн төлөөлөхөөс гадна бидний хамтрагчид, тэмцээнүүдэд яг зохицно” гэжээ.
Ирэх аравдугаар сард Дохад болох хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр Олон улсын хөнгөн атлетикийн холбооны конгресс хуралдаж, холбооны шинэ нэршлийг албан ёсоор баталж хуульчилсны дараагаар хэрэглэж эхэлнэ.
Бэлгэдэл логоны хувьд гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. World-ын W нь ялалт байгуулж буй тамирчны гарыг илэрхийлсэн бол Athletics-ийн А нь тамирчны урдах замдаа анхаарал хандуулж буйг бэлгэдэж байна. Тэдгээрийн дээрх аркаар хөнгөн атлетикийн нийт бүрэлдэхүүнийг хамтад нь төлөөлүүлж, хөнгөн атлетикийн үндсэн дөрвөн төрөл болох гүйлт, харайлт, шидэлт, алхалтыг дүрсэлсэн ажээ.
М.Бүүвэй
Уншиж байна |