"FORBES" сэтгүүлээс сүүлийн 12 сард хамгийн их орлоготой ажилласан 100 тамирчны жагсаалтыг зарлахад Аргентиний шигшээ болон “Барселона” клубийн хөлбөмбөгчин Лионел Месси 127 сая ам.доллараар тэргүүллээ. Тэрээр цалин болон шагналаас 92 сая, зар сурталчилгаанаас 35 саяыг халаасалсан байна.
“Ювентус”-ийн португал довтлогч Криштиану Роналду 109 саяар удаалсан бол “Пари Сен Жермен”-ий бразил хөлбөмбөгч Неймар 105 саяар гуравдугаарт бичигдэв.
АНУ-ын бизнесийн сэтгүүлээс 2018 оны зургадугаар сараас 2019 оны зургадугаар сарын хооронд тамирчдыг шагналын мөнгө, цалин болон зар сурталчилгаанаас хэрхэн орлого олсныг ийнхүү тооцоолсон байна. Топ-100-д нийтдээ 25 орны тамирчид багтаж, тэдний орлого 4 тэрбум толларт хүрсэн нь өмнөх жилээс 5%-аар өссөн хэрэг болов. Харин ноднингийн жагсаалтыг АНУ-ын боксчин Флойд Мэйвэдер 285 саяар тэргүүлсэн билээ.
Мессигийн хувьд “Форбс”-ын жагсаалтыг өнгөлсөн хоёрдахь хөлбөмбөгчин (өмнөх нь Роналду) болж, эхний гуравт хөлбөмбөгчид багтсан нь анхны тохиолдол байлаа. Сонирхолтой нь 100 тамирчны 62 нь АНУ-ынх болжээ. Харин NBA-гээс 35 тоглогч багтсан байна. Эхний 100-д багтсан цорын ганц эмэгтэй тамирчин нь 29,2 саяын орлоготой АНУ-ын теннисчин Серена Уильямс байлаа. Зар сурталчилгаанаас хамгийн их орлогыг Рожер Федерер (86 сая) олов.
Top 10
1. Лионел Месси (хөлбөмбөг) $127 сая
2. Криштиану Роналду (хөлбөмбөг) $109 сая
3. Неймар (хөлбөмбөг) $105 сая
4. Канело Алварес (бокс) $94 сая
5. Рожер Федерер (теннис) $93.4 сая
6. Рассел Уилсон (америк хөлбөмбөг) $89.5 сая
7. Aaрон Рожерс (америк хөлбөмбөг) $89.3 сая
8. Леброн Жэймс (сагс) $89 сая
9. Стефен Көрри (сагс) $79.8 сая
10. Кевин Дюрант (сагс) $65.4 сая
Ц.ГАНБАТ
Уншиж байна |