Хэдэн өдөр цөс ихтэй Монголчуудаа баясгаж, Чингис хааныхаа хөшөөг хүртэл инээмсэглүүлж чадсан хөвгүүд бол ТЭД.
Монгол Улсад анх удаа Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ зохиогдож буй. Монголын 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол үргэлжлүүлэн Гүржийн багийг 18:16 хожсон билээ.
Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай тоглолоо. Харамсалтай нь Монголын шигшээ баг Туркийн багт 21:18 харьцаагаар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.
Монголын багт Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, МУГТ Шаравжамцын хүү Энхийн-Од, УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг тамирчин багтсан. Тэд сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн орны сагчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж элэг нэгтнүүдийнхээ хамрын самсааг шархируулж чадлаа. Тэдэнд дэмжлэг нь байвал NBA ойрхон байна. Баярлалааа хөвгүүд ээ, бахархаж байна.
Дэлхийн аваргад анх удаа оролцож шилдэг наймд үлдсэн Монгол улсын багийн тоглогч: А.Батхуяг
-2001 оны 5-р сарын 4-нд төрсөн
-180 см өндөр, 80 кг жинтэй
+Төв аймгаас сагсанбөмбөгийн гараагаа эхлүүлсэн
-3Х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртэж байсан. /Vladivostok/
-15 насандаа Супер лигийн Төв Ургац багийн бүрэлдэхүүнд багтаж байсан тоглогч
-Өсвөрийн УАШТ-ны 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
-Өсвөрийн УАШТ-ны хоёр удаагийн шилдэг тоглогч
- Спрайт хөгжлийн лигийн хүрэл медальтай
- Оюутны лигийн ИЗОУИС багаас тоглодог
Монгол улсын багийн тоглогч: Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц
-2002 оны 2-р сарын 16-нд төрсөн
-198 см өндөр, 96 кг жинтэй
-Өсвөрийн УАШТ-ны 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
-Өсвөрийн УАШТ-ны Шилдэг тоглогч
- ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, Билэгдэлийн гарааны шилдэг тоглогч
-3х3 өсвөрийн УАШТ-ны аварга
-Оюутаны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
-MNBA Үндэсний Лигийн аварга
- Түүний аав нь МУ-н дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр юм.
Монгол улсын багийн тоглогч: Шаравжамц овогтой Энхийн-Од
-2002 оны 8-р сарын 27-нд төрсөн
-201 см өндөр, 75 кг жинтэй
- 2014 Кес Баскет Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч
- 2015-2019 онд өсвөр үеийн УАШТ-нд 8-н удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн
-Мөн өсвөрийн УАШТ-ны 7 удаагийн шилдэг тоглогч юм
-2019 онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference аварга
-2019 3х3 U23 насны УАШТ-ны аварга
-2019 оны Гоё Дээд Лигийн хүрэл
Монгол улсын багийн тоглогч: Лхагва овогтой Авирмэд
-2001 оны 3-р сарын 6-нд төрсөн
-190 см өндөр, 75 кг жинтэй
-Завхан аймгаас сагсанбөмбөгийн гараагаа эхлүүлсэн
- Өсвөр үеийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай
-УАШТ-ны Билэгдэлийн гарааны шилдэг тоглогч
- 3х3 Улсын аваргын хүрэл медальтай
Г.СҮРЭН