ХХААХҮЯ-наас нийслэлд нийлүүлэх махны хэрэглээг нэмж, үнийн хөөрөгдлийг дарна. Ингэснээр махны үнэ тогтворжино хэмээн мэдэгдсэн. Эл мэдэгдлийг хийснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Зах худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй махны үнэд өөрчлөлт орсон эсэхийг сурвалжлахаар худалдан авагчидтай хөл нийлүүлэн Хархорин, Бөмбөгөр, Меркури захыг зорилоо.
Нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг гэсэн тоон судалгаа бий. Нийслэлийн иргэд махны хэрэгцээгээ нөөцийн мах, Хүчит шонхор зэрэг худалдааны төв, томоохон захуудаас болон иргэд өөрсдөө орон нутгаас мах авах гэсэн гурван эх үүсвэрээр хангадаг.
Өнөөдрийн байдлаар Монголд хамгийн үнэтэй борлуулагдаж буй үхэр болон хонины махны үнийг сурвалжиллаа.
Эхний газар болох “Меркури” худалдааны төвд /2019.06.05/ 16.00 цагийн орчимд очиход худалдаачид лангууныхаа өмнүүр өнгөрөх хүн бүрээс “Ямар мах авах уу? Шинэ мах байна шүү гэх зэргээр ам уралдан шуугицгааж байгаа нь худалдан авагч цөөтэй байгааг харуулж байв.
Тус захад үхрийн цул мах 16.000 төгрөг, хонины цул мах 12.000 төгрөгний үнэ ханштай байлаа.
Харин “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мах 14500, хонины цул мах 10000, Хүчиншонхор худалдааны үхрийн цул мах 12. 000 төгрөг, хонины мах 9500 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдаалагдаж байна.
Харин дараагийн худалдааны төв “Хархорин” захад өмнөх захуудын адилаар мах авах нь уу гэсэн горьдлого тээсэн харц угтлаа. гэсэн. Ихэнх лангууны мах дууссан бололтой хоосон үзэгдэх аж.
Хижээл насны худалдагч эгчээс үхрийн цул махны үнэ асуухад 11 500 төгрөг, хонины мах 9500 төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байна гэв. Түүний хэлснээр тус захын хонины мах өмнөх долоо хоногт 9100 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол амралтын өдрөөр 400 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа. Гэхдээ учрыг нь мэдэхгүй гэх.
Мах худалдан аваад гарч буй ахимаг насны хоёр эгч “Махны үнэ буурна гээд л мэдээлэл гараад байсан. Хямдарсан юм огт алга” хэмээн ярилцсаар гарч одов.
Ийнхүү иргэд болон худалдаачдын хэлж байгаагаар махны олдоц хомс хэвээр байна. Үнэ буурна гэсэн мэдээлэл гардаг ч бодит байдал дээр үнэ буурахгүй улам өссөөр байгааг иргэд учирлаж байна.
Бүтэн гуя, хаа авах хүн ч ховордож, өдрийн хоолны махаа аргацаасан байдалтайгаар нийслэлчүүд өдөр хоногийг өнгөрөөж байна. Мах хэзээ хямдрах вэ?
Л.Отгонмягмар, Б.Энхжаргал
Уншиж байна |