Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
МАХ яаж МАГНАГ болдог вэ
2019-06-03

Мах яагаад магнаг болдог вэ? Магнаг гэдэг нь алт, мөнгөн утас оруулж нэхсэн үнэт торго. Зарим нэгний хэлж буйгаар дэлхийд 10-20 ам.доллар байдаг мах манайд цул мах 6 ам.доллар болсон, юун магнаг вэ гэж. Тэгвэл харьцуулалт өөрөө харьцангуй. 1000 ам.долларын дундаж цалинтай улс биш болохоор махны үнэ магнаг. 67 сая малтай, 3.2 сая хүнтэй, нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг улс учраас торго магнаг. Энэ онд махны үнэ 20.4 хувиар өссөн нь хилэн магнаг.  “Хүчит шонхор” захад найман жилийн өмнө нэг кг мах 3100-5300 төгрөг байсныг санавал хаж магнаг. Өв уламжлал, цаг уураа дагасан хэрэгцээтэйгээ харьцуулбал хамба магнаг. Азийн орнуудад цагаан будаа хувьсгал дэгдээх хүчтэй. Монголд мах онцгой бүтээгдэхүүн. Өнөөдөр төрийн түшмэд мах үнэд орсны учрын талаар ниргэсэн хойно нь  хашгирч, элдэв янзаар тайлбарлаж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн зах дэлгүүрээр явж, ченж наймаачидтай уулзаж, тоо баримт ухлаа. Мах яагаад магнаг болсон бэ?. Мах яавал магнаг болохгүй вэ?

 

 

НӨӨЦГҮЙ НӨӨЦ

 

Хаврын тарчиг цагт идэх махаа үүц гэдэг. Энэ жил өмнөх оныхоос 3 дахин бага үүц нөөц бэлтгэжээ. Айлаар бодсон ч идшээ гэнэт 3 дахин багасгавал аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болно. Яг түүн шиг л юм болсон. 2018 онд 12 мянган тонн мах нөөцөлж байсан бол энэ жил  4 мянга. Улаанбаатарын махны хэрэгцээ жилд 100-120 мянган тонн. Улсынх нь 200 мянга орчим. Энэ оны нөөцийн мах Нийслэлийн хэрэгцээний 3 хувь. Зах зээлд 3 хувь  яаж нөлөөлөх вэ? Махны хэрэглээ жил бүр 3500 тонноор нэмэгдэж байгааг тооцвол энэ жилийн нөөц өвдөл цөвдөл гэсэн үг. Алдарт ЖДҮ-гийн зээлээс болж огцорсон сайдын хийсэн “гэрийн даалгавар”-уудын нэг нь 3 дахин багассан нөөц.

 

МАХ ДОЛЛАР БОЛСОНООС БОЛОВ УУ?

 

Монгол Улс өнгөрсөн онд 55 мянган тонн мах экспортолжээ. 2017 оныхоос 2 дахин ихийг гаргасан. Улаанбаатарын хэрэгцээний тал хувьтай тэнцэнэ. Улсын хэрэгцээний бол дөрөвний нэг орчим. Хятад, Орос, Япон, Иран, Малайз, Вьетнамын чөлөөт бүсэд хүртэл монгол малын мах зарагдсан. Жилд 20 сая төл мал хүлээн авдаг улс хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад, 180 мянган тонн мах экспортлох боломжтой.  Жил бүр нядалж борлуулах шаардлагатай нь 20 сая мал буюу 400 мянган тонн мах. Дотоодын хэрэгцээ нь 200 мянган тонн. Үлдсэн 200 мянган тонныг нь экспортлоод 500 сая ам.доллар олох нөөцтэй. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд 18.3 сая төл мал хүлээн авч жилийн хэрэгцээгээ нөхчихөж байна. Харин экспорт хөөхөөрөө нөөцийн махаа мартчихаад байвал утга чанар нь алдагдана. Нэгийг хийхдээ нөгөөг баллаад хаячихдаг. Олон түмэн ч дэмжихгүй болж байна. Экспорт нь эх орондоо наалдаж байна уу, үгүй юу гэдэг ч бас асуудал.

 

“МОНГОЛ БОЛ ХЯТАДЫН НӨӨЦИЙН САВ” ГЭДГИЙН БАТАЛГАА ЮУ?

 

 “Хүчит шонхор”, “Эмээлт” захаар явж ченжүүдтэй уулзлаа. Махны наймааны 90 хувийг  атгадаг нь ченжүүд, тэд гол тоглогчид. Ченжүүд ам нэгтэйгээр хөдөөнөөс мах бага ирэх болсон гэж байна. Яагаад? гэвэл “Ноолуурын үнэ өссөнөөс” гэдэг юм. Ноолууранд мах ямар хамаатай юм бэ “Малчид ноолуураа зараад мөнгө олчихдог болсон тул малаа өсгөх сонирхол ихэссэн. Угаасаас мах ховордсоны дээр хятадуудад ажилладаг монголчууд өглөө мах буухад мөнгөөр зодоод авчихдаг....” Олон жил махан дээр ажилласан, өгч авалцаад сурсандаа л жаахан мах олж авдаг гэж учирлав. “Хүчит “шонхор”-т үүрийн 04 цагаас өглөөний 06 цаг гэхэд буусан мах хамгийн сүүлийнх нь жижиг худалдаачдад оногдоод алга болдог. Өдөрт 40-50 машин, 200-250 тонн мах буудаг. Нэг кг маханд 2000-4500 төгрөг нэмдэг, лангууны түрээс мэтийн зардлаа шингээнэ, ашгаа оруулна гэж тайлбарлаж байна. Хотод хамгийн хямд махны зах дээр энэ өдөр /5-р сарын 22/ хонины цул 11000-12000, үхрийнх 14 мянга, адууны мах кг нь 9200 төгрөгийн ханштай байв. 2 дугаар сараас хойш кг тутамд 550-4500 төгрөгөөр өсчээ. Хотонд нь хүрээд  очихоор малчид их үнэ хэлдэг. Өвөл цас бага унаж, олон аймагт туурайн зуд нүүрлэж, тарга тэвээрэг муудсан нь үнэ өсөх, хангалт тасалдахад нөлөөлжээ. Түлш, шатахууны үнээ дагаад замын зардал өсч, махны үнийг ташуурдсан нь ч тодорхой байна.

 

“Эмээлт”-ийн хятадууд адууны махнаас бусдыг сонирхдоггүй байсан бол энэ жилээс таван төрөлд шилжжээ. Хятад  түрийвчтэй “монгол гар хөлнүүд” үнэ хаяж, мөнгөөр зодоод авчихдаг юм байна. Эмээлт, 22-ын товчоо орчмоор хятад эзэнтэй махны үйлдвэр 30 орчим болсон. 5 жилийн өмнө 5 үйлдвэр л байжээ. Хятадууд яагаад махсах болов? НҮБ-ын ХАА-н байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд Хятадын 31 мужид мялзан өвчин гаарч, сая гаруй гахай устгаж, хорио цээр тогтоожээ. Хятадын махны хэрэгцээний 60 хувь нь гахай. Махны эрэлт эрс өссөн тул Хятад хөрш залгаа орнуудаас өнгөрсөн жил 2 дахин их мах авсан байна.

 

Экспорт гэхээр их гоё сонсогдох боловч хятадууд өөрсдөө аваад, өөрдсөө боловсруулаад, өөрсдөө хилээр гаргадаг болохоор Монголд наалдац нь муу гэж хэлж байна. Хятад эзэнтэй үйлдвэр тарган, туранхай гэж голж шилэхгүй, үнэ хаяж авдаг. Онд орохгүй малаа хүртэл давгүй үнээр өгчихдөг болсон. Хоёр, гурван хятад нэг монгол хүн дагуулаад хөдөөгүүр явдаг. 20-40 мянгыг төлөөд өөрсдөөр нь нядлуулна. Монгол ченж голж шилэхээс гадна халаас нимгэн. Манайд ЖДҮ-гийн зээл гэж нэрлээд замаас нь дарга, гишүүд нь авч дуулиан болдог хямдхан мөнгийг Хятад ард иргэддээ өгчихдөг. Бага хүүтэй зээлтэй хятадууд өвөр дүүрэн мөнгөтэй ирээд ноос ноолуур, мах авахдаа үнээр зодоод байдаг ажээ. Хятад компани нэг үхэрт гэхэд  100-200 мянгаар илүү өгнө. Малчдын хувьд монгол, хятад нь үнэндээ падлийгүй. Хэдэн төгрөг илүү олохоо л бодно. “Эх орон энэ тэр гэж зурагтаар л  ярьдаг байх,  амьдрал дээр бол таван цаасны ашиг л чухал” гэж үздэгээ нуухгүй байна. Хятад компаниуд ихэнх нь мах чанаж гаргах эрхгүй. Тийм боловч хавартаа чанаад манай зах зээлд эргүүлээд гаргадаг байх гэсэн хардлага ч их байна. Муудсан махны өнгийг нь хувиргаж улаан болгон зарах гэж байсан Хятадын хоёр иргэн саатуулагдсан хэрэг явдлыг батлах мэт. Ядаж байхад яр гэгчээр шүлхий өвчин лай дагуулсан. Жилээс жилд шүлхийн өвчлөл нэмэгдэж, аймаг, сумдад  хорио цээр, хязгаар квот тогтоож буй нь мах ховордоход нөлөөлжээ.

 

МАХ ЯАВАЛ МАГНАГ БОЛОХГҮЙ ВЭ?

 

 

Ченжүүд хятадууд руу бурууг чихэж байгаа ч тэднийхээ гар хөл болсон нь олон. Цагаан сар, наадам, эрэлт хэрэгцээг далимдуулан их хэмжээгээр мах нөөцлөн авч, үнэ ханшаа өсгөдөг. Монгол байна уу, хятад байна уу аль нь ч ашгийн төлөө явна. Гагцхүү Монгол Улс махаа нөөцлөх, бэлтгэх, нийлүүлэх, экспортлохдоо дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол 30 хятад, 100 монгол ченжэд тас базуулаад суусаар байвал мах магнаг хэвээр байна. Бодлого, сэтгэл, зүтгэл дутаж байна.

 

Нэг. Ирэх жилээс  нөөцийн махны хэмжээг 4-5 дахин нэмэх шаардлагатай. Жил бүр махны хэрэгцээ 3500 тонн хүртэл өсч байгааг давхар тооцохгүй бол үр дүн гарахгүй.  

 

Хоёр. Малчин, ченж хоёрын хооронд л үнэ тогтож байна. Малчны хотонд хөдөөгийн ченж очиж авна. Хөдөөгийн ченж хотын ченжэд өгнө. Хотын ченж дэлгүүр лангуунд өгнө. Гахайнаас хялгас авч дээс томдог шоргоолж, царцааны үлгэрийн үе ашат бүрт хиймэл үнэ ашиг шингэж байна.  

 

Гурав. Чөлөөт ардчилсан өчнөөн оронд орших, эс оршихуйн үнэ цэнтэй хүнсний үнэ, нөөцөнд Засгийн газар оролцдог. Гэхдээ буу шийдмээр биш бодлого шийдлээр ажилладаг. Өмнөд Солонгост цагаан будаа манайхаар бол мах. Тариачдаас цагаан будааг Засгийн газар нь хангалттай үнээр худалдаж аваад, түүнээсээ хямдаар зах зээлд нийлүүлдэг байна. Цагаан будаа суурь үнэ учраас инфляци буюу цалин мөнгө цаас болохоос хамгаалдаг. Цагаан будааны соёлоо хадгалж тээж байгаа тариачдаа ч хэвээр нь үлдээн тэтгэх бодлого.

 

Дөрөв. Дотооддоо хиймэл хомсдол үүсгэхгүйгээр мах экспортолж олох 500 сая доллар алдаж байгаагийн нэг гол шалтгаан нь сумдад мал нядлах, мах боловсруулах үйлдвэр байгуулж чадахгүй байгаатай холбоотой. Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцүү, заавал заазалж нядлах 20 сая малын махны нөөц  400 мянга орчим тонн байна.

 

Тав. Тууврын замд гэж кино үлдсэнээс биш тууврын зам нь арилж баларсан. Ерэн оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйгаас тавдугаар сард худалдаж авсан малыг аажим тууварлан, дундчаар 20 хувийн тарга  авахуулж, махны үйлдвэрт хүргэдэг байсан. Өнөөдөр ченжийн 2-3 шат дамжлага, машин тэргээр орлож байна. Шинэ тууврын зам мах магнаг болохгүй байх зам болно.   

 

Монгол малын буян монгол хүндээ шингэх болтугай!

 

“Бичил Глобус” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал

“Хөгжлийн аминдэм” ТББ-ын тэргүүн

Самдангийн ОТГОНБАТ

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголчууд хэзээ төр улс нь тэгшрэх юм болдоо
2019-06-03
Иргэн:
Наад мах экспортлогчдоосоо хил дээр гаальд хэдэн доллароор үнэлүүлээд ямархуу татвар тѳлснийг нь асуугаач. Аягүй бол нэг ам.доллар гэж татвараас зугтсандаа. Гаалийн мэдээллээс аваад хүмүүст хүргээч. Худал мэдүүлэгсдийг илчилж шийтгэвэл таарна.
2019-06-03