Манай улс хамгийн сүүлийн байдлаар дефолтод ойрхон тулсан хүндрэл 2016 онд тохиов. Тухайн оны эхний 3 улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс -1.6 хувь унаж, -0.6 хувийн дефляцитай, ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болж буурсан, улсын төсөв 1.7 их наяд төгрөгийн өндөр алдагдалтай, зээлийн өсөлт зогсонги байдалд орсон, банкны салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 15.4 хувьд хүрсэн, зээлийн хүү 20.6 хувьд хүрч өсөн, гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор -402.5 сая ам.доллар, ОУВС-ийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байв. Ийм таагүй байдалд хүргэсэн үе 2015 оноос эхлэн үргэлжилсэн юм. Үүнээс болж банк санхүүгийн байгууллагуудын алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буураад байсан буюу эдийн засгийн хүндрэл нь санхүүгийн салбарт шилжээд байлаа.
2016 оны 7 дугаар сард гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юаны своп хэлцлийн хүрээнд Монголбанк авч ашигласан дүн 1.6 тэрбум ам.доллар, харин дотоодын банкуудтай хийсэн своп хэлцлийн цэвэр дүн 1.4 тэрбум ам.доллар байж, гадаад валютын цэвэр нөөц -2.75 тэрбум ам.долларт хүрсэн юм. Үүний шалтгаан нь 2016 оны 6 дугаар сард 400 орчим сая ам.долларын гадаад валют дотоод зах зээлээс гарсан. Төсвийн болон төлбөрийн тэнцлийн олон жилийн алдагдал гүнзгийрсэн, нөгөө талдаа өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүд болох Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, ХАБ-тай байгуулсан хэлцлээр авч ашигласан 12 тэрбум юань, Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 1 тэрбум юань хүлээгдэж байсан нь валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны сүүлийн 4 сард сулрахад нөлөөлжээ. Энэ бүх үр дүнд Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 оны 7 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарын хооронд маш хурдацтай буурч байлаа. Тухайлбал, Moody’s агентлаг зээлжих зэрэглэлийг 2 шатлалаар бууруулж Caa1 ангилалд оруулсан. Зээлжих зэрэглэл буурснаар Улсын эрсдэлийг өсгөж, гадаад зах зээл дээр гаргасан бондуудын үнэ хурдтай унаж, хүү нь өсч байв. Жишээлбэл, Хөгжлийн банкны бондын үнэ унаж, хоёрдагч зах зээл дээрх хүү нь 38 хувьд хүрсэн.
Ингэж Засгийн газрын өр өндөр түвшинд хүрч, хуулиар тогтоосон тусгай шаардлага, нөхцөлийг давсан байсан. Төсвийн өндөр алдагдал дээр нь өрийн хүүний төлбөр дарамт учруулчихсан, мөн төлбөрийн тэнцэл өндөр алдагдалд орчихсоны дээр гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.доллар, цэвэр дүнгээр сөрөг түвшинд хүрээд байв. Үндсэндээ төгрөг сулрах дарамт эндээс үүдэлтэй ч өөр бас хэд хэдэн дарамт нөлөөлсөн. Засгийн газар, Хөгжлийн банкны санхүүжилт болон Монголбанкны төсвийн шинж чанартай арга хэмжээнүүд эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Тухайлбал, Сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг төв банкнаас санхүүжүүлсэн шүү дээ. Энэ нь мөн эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах урьдач нөхцөлийг бүрдүүлэх шууд хүчин зүйл мөн юм. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор дотоодын банкнаас нийт гадаад валютын нөөцийн 30 хувьтай тэнцэх хэмжээний гадаад төлбөрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн их хэмжээний нийлүүлэлт хийгдсэн үед дотоодын банкнаас том дүнтэй валют бөөн дүнгээр гадагшилсан нь гадаад валютын хомсдолыг бий болгож, төгрөгийн ханш богино хугацаанд хүчтэй сулрахад анхны суурь том шалтгаан байв. Ингээд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хөдөлгөөн 2013 болон 2016 онд хамгийн өндөр савлагааг үзүүлсэн юм. Энэ үзэгдэл нь 2008 оны хямралын үед ч ажиглагдаагүй өндөр хэлбэлзэл байв. Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулж 2012 оноос 2016 оныг дуусталх хугацаанд нийт 7 их наяд төгрөгийг банкуудад нийлүүлсэн явдал нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг алдагдуулж, ханш сулрах дарамтыг ийнхүү бий болгосон нөлөө нь одоо ч үргэлжилж, 1 төгрөг 2600 давсан ханштай тэнцсэн байна. Ханшийг 1500 дээр барьж болох тогтворжилтыг Засгийн газрын нөлөөн дор ингэж алдсан нь Монголын эдийн засгийн түүхэнд тод хар толбо болон үлдэж байна.
Засгийн газрын тооцоо судалгаагүй бас зөвхөн улс төр хийсэн шийдвэрийн уршиг иргэдийн нуруун дээр ямар их дарамт үүрүүлдэг болох гашуун сургамжийг бид ингэж авсан. Бодлогын алдааг залруулах амаргүй. Үүний тулд олон нийтэд шууд таалагдах арга хэмжээг авах боломжгүй. Өвчнийг гашуун эмээр анагаадаг. Бодлогын алдааг залруулах нь гашуун эмтэй яг адил. Намаг балчиг дундаас ямар ч байсан эдийн засаг өндийсөн. Гагцхүү одоо эдийн засгийн 8.6 хувийн өсөлтийг өгөөж болгох тэгш хүртээмжийн бодлогыг Засгийн газраас хүлээж байна. Харин энэ хооронд айл бүрт хүрэх орлогын үүдийг хааж, эдийн засгаа сүйрүүлсэн экс Засгийн газар тарьсан балгаа бусадруу чихэж, алдаагаа засуулж байгаа нэгэндээ Үнсгэлжин шиг хандахаа болих хэрэгтэй. Хусавч арилахгүй муу түүхийг нэгэнт тэд үлдээсэн. Харин засаж залруулахад нь бүү саад бологтун!
С.Болор-Эрдэнэ
Уншиж байна |