Монголд сайн хөгжиж буй спортын төрлүүдийн нэг нь яах аргагүй жүдо. Бөхийн энэ төрлөөр Монголыг дэлхий мэддэг болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Жүдочид тив, дэлхий цаашлаад олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан. Үе үеийн жүдочид эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаад зогсоогүй хойч үеэ ч хангалттай сайн бэлдэж буйн жишээг өчигдөр харууллаа.
Жүдо бөхийн 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад болж буй. Тэмцээний хоёр дахь ОУХМ Ц.Цогтбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж, тивийн аваргын төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдаж, ялалт байгуулснаар төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн аварга Ан Чан Римд гурван удаа ялагдаад байсан Ц.Цогтбаатар энэ удаа хариугаа авч, хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа. Ц.Цогтбаатарын дараагийн зогсоол 2019 оны Токиогийн ДАШТ-ий аваргын тавцан. Тэр алдарт Шохо Оно финалдаж, төрийн дууллаа дахин эгшиглүүлэх агшин мөдхөн ирэх биз ээ.
Мөн энэ өдөр жүдогийн залуусын үе ирснийг харуулсан барилдааныг эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар харуулав. Тэрбээр эцсийн мөчид ялснаар тивийн аварга болж чадсан юм. О.Уунганбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахатыг ялсан. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Расулов Камолиддиныг ялж хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилдаж, ялалт байгуулав.
Харин эмэгтэйчүүдээс тэмцээний хоёр дахь өдөр -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Ганхайч мөнгөн медалт хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Ян Жунхиатай барилдсан юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн билээ.
Ийн Эмиратыг зорьсон жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар Монгол Улс тэргүүлж эхэллээ.
М.Болд