Утаагүй шахмал түлш үйлдвэрлэхийн тулд Засгийн газраас төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн харьяа “Тавантолгой түлш” компанийг байгуулж, Засгийн газрын тэргүүн нээлтэнд нь өөрийн биеэр очиж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь саяхан. Гэтэл үйл ажиллагаа эхлэв үү үгүй юу, дуулиан шуугиан үүсгээд эхэлжээ. Учрыг тодруулбал, тус компанийн шахмал түлшний түүхий эд болох нүүрсийг Өмнөговиос нийслэлд хүргэж буй тээврийн том тэрэгнүүд дур зоргоороо салаа зам үүсгэн, тоос шороо босгон давхилдаж, орон нутгийн иргэдийг бухимдуулж эхэлжээ.
Асуудлыг газар дээрээс нь тодруулахад “Эрдэнэс Таван толгой” компанийн харьяа болох “Тавантолгой түлш” компани нь Цогтцэцийгээс Улаанбаатар хүртэлх 600 орчим километр зайд түүхий эдээ хэрхэн тээвэрлэх асуудлаа урьдчилж бүрэн шийдвэрлээгүй атлаа говийн уурхайнуудыг дайчлан үнэгүй нүүрс авч, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа юм байна.
Улаанбаатарын утааг бууруулахад тус нэмэр болох зорилгоор байгуулагдсан төрийн өмчит энэ компани нэн тэргүүнд тээвэрлэлтийн асуудлаа шийдээгүй байж, ачилтаа эхлүүлж дур зоргоороо аашилж байгааг юу гэж ойлгох вэ?
Шахмал түлш үйлдвэрлэсэн л нэр зүүж байвал үйл ажиллагаагаа анхнаас нь зөв цэгцтэй төлөвлөх, говь нутгийн хөрс шороо, онгон байгаль хэрхэн сүйдэх нь энэ шийдвэрийг гаргасан хүмүүст хамаагүй бололтой. Арга ч үгүй биз, өөрсдийнх нь амьдардаг хот утаагүй болж байвал, хүний нутгийн хөрс талхлагдах яамай. Аргаа ядсан орон нутгийн иргэд орон нутгийн засаг захиргаандаа ханддаг ч “Дээрээс ийм шийдвэртэй” гэх хариулт ирж байгаа аж. Ингээд хаана хандахаа мэдэхээ байсан иргэд бидэнд хандсанаар уг асуудлыг бага ч болов тодруулахыг хичээлээ. “Эрдэнэс Таван толгой” болон түүний харъяа “Тавантолгой түлш” компанийнхан энэ байдлыг анхааралдаа авч, эхлээд тээвэр, дэд бүтцийн асуудлаа тусгайлан авч үзэхгүй бол говийн хөрс, бэлчээр там болж, иргэд нь тоос шороонд даруулсаар байхнээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр “Тавантолгой түлш” компани одоогоор өөрийн гэх ямар ч тээврийн бүтэц, албагүй бөгөөд дурын тээврийн компани, хувь хүмүүсийг хөлсөлдөг нь энэ замбараагүй байдлын гол шалтгаан болж буй аж.
Б.Болор
Уншиж байна |