Монголын Холимог Тулааны Урлагийн Холбооноос зохион байгуулсан MFC тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр /2019.01.26/ болж өндөрлөв. Тус тэмцээнд Монгол улсын 5 тамирчны эсрэг ОХУ болон Казахстан улсын 5 тамирчин туллаа. Тэмцээн дууссаны дараа сошиалд олон мянган дагагчтай гэдгээрээ “алдартай” Ангууч хочит Б.Баттөрийг жудаггүй үйлдэл гаргаж, булхайцсан ч мэх мэхэндээ гэгчээр ялагдал хүлээсэн хэмээх сэтгэгдэл хөвөрч байна.
Тулааны тэмцээнд дэвжээний шүүгч тэмцээн эхэлсэн дохио өгмөгч хоёр тамирчин бээлийгээ нийлүүлж нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлснээр тулаан эхэлдэг. Ангууч хочтой Б.Баттөр түүний өрсөлдөгч Казахстаны байлдааны самбын хоёр удаагийн аварга Кабдулла Али нарт дэвжээний шүүгч тэмцээний үеэрх анхааруулгыг танилцуулсан. Хонх дуугарч тулаан эхэлсэн. Казахстаны тамирчин хүндлэл үзүүлэн гаргаа сунгатал Ангууч өрсөлдөгч тамирчнаа гэнэдүүлэн шууд цохиод унагчихав. Гэсэн ч өрсөлдөгч нь хөлийг нь өчиж, Ангууч буулт хийснээр Казахстаны тамирчин Кабдулла Али тэмцээн эхлээд 20 секундын дотор цэвэр ялалт байгуулсан юм. Өрсөлдөгч тамирчиндаа хүндэтгэл үзүүлэлгүй гэнэдүүлж цохиж тулаанаа эхэлсэн энэ үйлдэлд тулаан сонирхогчид дургүйцлээ илэрхийлэн "Хүртэх ёстойгоо хүртлээ"... гэх сэтгэгдлүүд цуварсаар байгаа бол нөгөө хэсэг нь "Оросуудыг өмөөрлөө" хэмээн үг сөрж спорт сонирхогчид бас л хоёр хуваагдлаа.
Тэмцээний дараагаар тулаанч Б.Баттөр өөрийн инстаграм хуудсандаа “Гэр бүл минь энэ бүхний ард ямар их хүч хөдөлмөр золиос байдгыг мэддэг учраас юу ч болсон ард минь зогсож дэмжиж байдаг. Миний өөртөө итгэх итгэл минь гайхамшгийг бүтээдэг. Удахгүй дэлхийн тавцанд уулзъя. Би чадна. Улам илүү хүчирхэгжиж байна” хэмээн бичжээ.
Ингэж сошиал “од” хэмээх Ангууч олон нийтийн шүүмжлэлд өртсөн тулаан Монголд өрнөсөн бол дэлхийн тавцанд МУГТ Н.Төгсцогт эх орныхоо нэрийг дахин дуурсгаж Дэлхийн аварга болсон үйл явдал дараа өдөр нь /2019.01.27/ өрнөв. Тэрбээр мэргэжлийн боксын IBO холбооны аварга болж элгэн түмнээ дахин баярлууллаа.
Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргын бүсийн эзэн болсон билээ. Ийнхүү KING TUG мэргэжлийн замналынхаа 11 дэх ялалтыг байгуулав.
“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байлцаж, түүнийг дэмжжээ.
Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа тулалдан 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Үүний дараагаар 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн.
Ийнхүү өнгөрөгч амралтын өдрүүд тулаанчдын тэсвэр тэвчээр эр зоригийг шалгасан, үзэгчдийн омогшил бас шүүмжлэлээр дүүрэн байлаа. Тамирчин хүн нөр их тэсвэр, тэвчээр гаргаж хэдэн сар жилээр бэлтгэл базаасны үр дүнд дэвжээнд гардаг. Тиймээс ялалт, ялагдал хоёуланд нь хамт байж, тэднийг дэмжих нь зүйтэй биз ээ.
Г.Сүрэн