-Олон өдрийн гүйлтэд 80 хувь нь сэтгэлийн хүч, 20 хувь нь биеийн хүч шаарддаг-
АНУ-ын Аризона мужид болсон хэт алсын зайн гүйлтэд Монгол хүн түрүүлсэн. Энэхүү амжилтын эзэн гүйлтийн тамирчин Б.Буджаргалтай онлайнаар холбогдож ярилцлаа.
-Юуны өмнө эх орныхоо нэрийг дуурсгасан танд халуун баяр хүргэе. Тэмцээний талаар товч мэдээлэл өгч, өөрийн амжилтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-АНУ-ын Аризона мужийн Glendale хотноо зохиогдсон"ACROSS THE YEARS" 6 хоногийн гүйлтийн тэмцээнд оролцож 489 миль буюу 787км гүйж тэргүүн байр эзэлж Нарны Хөндийд төрийн далбаагаа мандууллаа. 30 гаруй орны 300 гаруй тамирчин оролцсон энэ удаагийн тэмцээн миний оролцож байгаа олон өдрийн ес дэх тэмцээн юм. Цаг агаарын байдал тогтворгүй байсан. Тэмцээний үед усархаг бороо орж уралдааны зам шавар шавхай, гулгаатай байсан нь хүндрэлтэй байлаа. Гэхдээ ийм л үед тамирчны бие болоод сэтгэлзүйн бэлтгэл хэр байгаа нь шалгагддаг юм шүү дээ. Тэмцээн тойрог замаар гүйх зарчмаар явагддаг бол энэ удаагийн тэмцээний явцад уралдааны замын чиглэлийг дөрвөн цаг тутамд сольж байсан. Ирж буй тамирчдын өөдөөс бүжиг дуу болон угтаж, ирсэн чиглэл рүү маань буцааж байсан нь бидэнд бага ч болов урам зориг, эрч хүч өгч байсан шүү.
-Монгол хүн түрүүлж буй нь анхны тохиолдол биш шиг санагдаж байна. Та 2017 онд мөн Америкт болсон 10 өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан байх аа?
-Миний бие анх 2014 онд 6 өдрийн гүйлтэнд оролцож 485 км, 2015 онд 10 өдрийн гүйлтэнд 785 км, харин 2016 онд 10 өдөрт 967 км гүйж дөрөвдүгээр байр эзэлж байсан. Харин өмнөх гурван жилийн туршлага дээрээ үндэслээд аварга болно гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьж, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар базааснаар 2017 онд 739 mile буюу 1189 км гүйж нэгдүгээр байранд орсон. Мөн 2018 онд Нью-Йоркт 10өдөрт 1304 км гүйж байсан, Энэ удаад ч Шинэ зам дээр Аризонад анх удаа тэмцээнд оролцож Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадсандаа баяртай байна, бахархаж байна.
-Өмнөх амжилтаа бататгасан байна шүү дээ. Энэ удаад дахин аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан болов уу?
-Би тэмцээн болгондоо өөртөө өндөр шаардлага тавьж, бэлтгэлээ сайн базааж оролцдог. Энэ удаад ч мөн адил өөртөө итгэлтэй байсан.
-Зургаан өдөр шөнийн турш зогсолтгүй гүйнэ гэхээр төсөөлөхөд ч бэрх санагдах юм. Маш их тэвчээр хэрэгтэй болов уу? Тэмцээний дүрмийн талаар болон замаа хэрхэн туулж, аваргын алтан медалийг зүүсэн талаараа сонирхуулахгүй юу?
-Тэмцээний ерөнхий зарчим нь дохио өгөөд тэмцээн эхэлснээс хойш гүйх, идэж уух, унтаж амрах бүх л асуудлаа 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн турш та өөрөө л зохицуулах ёстой. Хэдэн минут, хэдэн цаг унтах, ямар хоол, хүнс хэр хэмжээгээр идэж, шингэн зүйл уух вэ, хэдэн хувцас солих вэ гэхчлэн зөвхөн хувь хүний туршлага, тактикаас хамаарна. Тэмцээнд орох бүртээ бүх хүч чадлаа дайчлан мөлхөөд ч болов түрүүлэхээс өөр сонголт байхгүй, түрүүлэхгүй л бол бараг үхсэнтэй адил гэсэн хатуу болзлыг өөртөө маш гүнзгий суулгадаг учраас түрүүлнэ гэсэн ганцхан зорилго, итгэлтэй байдаг. Анх гараанаасаа эхлээд тасраад, тэр зайгаа барих тактик нь надад амар байсан л даа. Тэмцээний явцад 30 минутаас хоёр цаг л нүднийчилээгээ гаргаж байсан.
-Идэр их сургуульд суралцдаг гэж сонссон. Хичээлийн хажуугаар бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Миний хувьд БХИС-ийг төрийн захиргаа, удирдлагын мэргэжлээр төгссөн. Одоо “Идэр” их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалахаар сурч байгаа. Өөрөө л зохицуулж цаг зав гарган бэлтгэл сургуулилтаа хийхгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй шүү дээ. Дашрамд хэлэхэд дэмжиж тусалсан Ж. Бурмаа захиралтай сургуулийнхаа хамт олонд баярлаж байна.
-10 өдөр шөнө болон 6 өдөр шөнийн гүйлтийн тэмцээн нь бусад тэмцээнээс юугаараа ялгаатай вэ?
-Гүйлтийн энэ төрөл нь өөрөө их онцлогтой. Марафон гэхэд л 42 км гүйдэг. Гэтэл хоногт 3-4 марафонд гүйнэ гээд бод доо. Олон өдрийн гүйлтийн гол онцлог 80% -н сэтгэлийн хүч, 20%- н биеийн хүч шаарддаг, Жудо, самбо болон чөлөөт бөх ч юм уу боксын спорт нь 5-6 минутанд хамаг хүч чадал, тэсвэр тэвчээрээ гаргадаг бол 6 өдөр, 6 шөнө 144 цаг болон 10 өдөр, 10 шөнийн 240 цаг өөрт байгаа хүч чадал, тэвчээрээ шавхана гэдэг тамирчнаас биеийн болоод сэтгэл зүйн асар их тэсвэрийг шаарддаг. Бусад спортын хувьд гэхэд л тойрогт хуваагдаж оноолтоор өрсөлддөг бол энэ гүйлтийн хувьд тийм сонголт байхгүй, бүх хүнтэй л өрсөлддөг. Ийм ч учраас тэсвэр тэвчээрийг шалгасан, өөрийгөө ялах нэртэй энэ тэмцээнд дэлхийн улсуудын шилдэг гүйгч нар оролцохыг хүсдэг байх.
-Цаашид ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ? Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Дөрөвдүгээр сард Нью-Йоркт 10 өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоод зургадугаар сард Монголд очно. Энэ тэмцээнд амжилттай оролцоход чухал үүрэг гүйцэтгэсэн багийн хамт олондоо, дасгалжуулагч ОУХМ Д.Ганбат, тэмцээний туршид 6 хоног нойр хоолоо хугаслан тусалж ажилласан Ц.Байгальмаа, Н.Мөнхтуяа хоёр эгчдээ, "Профикс" продакшны продюссер, зураглаач Н.Энхбаяр, "Тв2" телевизийн сэтгүүлч Б.Чанцалням нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ бол зохион байгуулалттай ажилласан багийн амжилт байлаа. Мөн ивээн тэтгэсэн "Монос" групп, "Шаргалжуут" рашаан сувилал, "Идэр" их сургууль, "Гурвангал" эмнэлэг, "Оранж Лазер" эмнэлэг, "Цахилдаг" эмийн сан, "Хийморийн Алт" группийн хамт олондоо баярлалаа. Төрийн далбаагаа барин ирж хүний нутагт яваа нутаг нэгтнээ дэмжин гарын хоолоороо дайлж, машин унаагаараа үйлчилж сэтгэлээрээ бидэнд тусалсан Аризонагийн Монголчууддаа маш их баярлалаа. 2019 оны мeдалийн буухиа ийнхүү эхэллээ.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |