Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга бодибилдинг, фитнесийн тамирчин Г.Угалзцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ цол хүртлээ.
Тэрбээр “Өчигдөр орой 17.00 цагт над руу ярьсан. Маш их гайхаж, баярласан. Ойр орчимд байсан бүх хүн баяр хүргээд утас зай завсаргүй дуугарсан. Төрийн дээд шагнал авсандаа маш их баярлаж байна. Цаашдаа улам их хичээх болно. Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Би дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна. Залуучууддаа хандаж спортлог байгаарай гэж хэлмээр байна. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү гэж хэлье. Монголд бодибилдинг, фитнесийн спортын хоёр гавьяат тамирчин байдаг. Гурав дахь нь би боллоо. Гэхдээ эмэгтэй тамирчнаас анхных нь юм” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.
Г.Сүрэн