23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын гурван удаагийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирснаас гадна дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болж байна.
С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байв.
Чимэдээ гавьяат Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.
Уншиж байна |