“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ.
Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү “U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн гурав дахь (Өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн) хүрэл медалийг эх орондоо авчирч байна.
Уншиж байна |