ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас таван бөх хүч үзсэнээс гурав нь алт, нэг нь хүрэл, нөгөө нь дагаж барилдахаар болов.
61 кг-ын жинд 2014 оны оюутны дэлхийн аварга, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар маргааш алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Т.Түвшинтулга эзэн орны Айтал Захаров, Беларусийн Андрей Бекренов, Семен Владимиров, Айсен Потаповыг ялж шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ахмеднаби Гварзатиловтой, Б.Бямбадорж эзэн орны Албан Аввакумов, Казахстаны Айден Тажигали, олимп, дэлхийн медальт Узбекистаны Ихтиор Наврузовыг ялж шигшээд Буриадын Евгений Жербаевтай, Н.Золбоо Казахстаны Олег Болтин, Буриадын Балдан Цыжиповыг ялж шигшээд олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Ираны Комейл Гасемитэй хүч үзнэ.
Түүнчлэн 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Лувсандоржийн Төртогтох хүрэл медалийн төлөө, 79 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат дагаж барилдахаар боллоо.
Өнөөдөр нээлтийн ажиллагааны дараа манай цагаар 17:00 цагт 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга, 97 кг-д ОУХМ Ө.Батзул алт, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө барилдана.
Уншиж байна |