Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын мастер, Бадамгаравын Гангаамаа Дэлхийн ноён оргил “К2” ууланд хөл тавьсан анхны монгол хүн болсон. Тэрбээр долоодугаар сарын 21-нд Монголын цагаар 10.30-д “К2” уулын оргилд гарч чадсан юм. Б.Гангаамаа эх орондоо энэ сарын 4-нд ирсэн бөгөөд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“Хоёр сарын дараа баяртайгаар уулзана” хэмээгээд Пакистаныг зорьсон. Амжил дүүрэн эх орондоо ирсэн танд юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа.Хоёр сарын дараа амжилтай уулзаж байгаадаа баяртай байна. “К2” уулын авиралт дэлхийн хэмжээнд жил нэг л удаа болдог. Цаг агаарын хувьд тогтвортой байсан учраас маш олон хүн оргилд нь гарч чадсан. Нэг өдөр гэхэд 31 хүн оргил дээр гарч рекорд тогтоосон. 1954 оноос хойш өнөөдрийг хүртэлх 60 гаруй жилийн хугацаанд 337 хүн “К2” уулын оргилд гарчээ. Өнгөрөгч 2017 он болон 2018 онд энэ уулын оргилд хамгийн олон хүн амжилттай гарч чадсан байна.
-Та аль орны уулчидтай нэг баг болж авирав?
-Манай багт Швецарь, Ирланд, Бельги зэрэг 8 орны арван авирагчтай, нийт 40 орчим хүн багтсан. Мөн АНУ-ын 30 гаруй хүнтэй баг байсан бол Япончууд дангаараа нэг баг болж оролцсон. Нийт таван баг авиралт хийхээр цугларсан. Манай багийнхан долоодугаар сарын 21-ны 07.30-08.00 цагийн хооронд оргил дээр гарсан.
-Таниас өөр“К2”-ын оргилд эх орноосоо анх удаа хөл тавьсан уулчин байв уу?
-Сонирхолтой нь манай багийнхан авиралтын дараа бүгд анхдагч болсноо мэдсэн. Швецарь, Ирланд, Бельгийн уулчин анхдагч болсон бол мөн Латин Америкийн анхны эмэгтэй уулчин уулын оргилд гарч чадсан байлаа. Манай багийн тав нь эх орноосоо анхдагч болсон.
-Та уул өөд авирахдаа айж байв уу?
-Би зургадугаар сарын 4-ны өдөр Монголоос гарч зургаадугаар сарын 18-нд уул руу хөдөлж, 29-ны өдрөөс өндөр авалтаа хийсэн. Өндөр авалтаа хоёр удаа хийсэн. Надтай хамт Бельги улсын уулчин хоёр удаа өндөр авалт хийсэн. Бусад уулчдын хувьд бэлтгэл хангалттай хийсэн тул нэг л удаа хийсэн. Уулнаас буухдаа би дөрөвдүгээр кэмп дээр хоносон. Бусад нь хоёрдугаар кэмп дээр хоноглосон. Миний хувьд аюулгүй байдлаа бодож, алдаа гаргах вий гэж болгоомжлоод дөрөвдүгээр кэмп дээр хоноод маргааш нь сүүлийн кэмп рүү явсан.
-Цаг агаар ямархуу байв?
-Авиралт эхлэхэд цаг агаар муудсан. Дөрөвдүгээр кэмпээс дээш зам тавигдах боломжгүй болчихлоо гээд биднийг гуравдугаар кемп дээр түр амрахыг зөвлөсөн. Гэтэл холбоогоор бүх уулчдыг буцаад буух команд өгсөн. “Лонхны хүзүү” гэх хэсэгт олс тавих боломжгүй болсон. Тэр хэсэгт олсгүй авирах ямар ч боломжгүй болсон тул буух команд өгсөн. Энэ надад маш хар мэдээ байсан. Уулчид буухаар ачаагаа бэлтгэчихээд байхад манай багийн ахлагч дөрөвдүгээр кэмп ороод байдлыг мэдэхээр явсан. Бууж ирээд оргил руу явах шийдвэр гаргасан. Тэгэхдээ надаас “Гангаа чи буух уу, оргил руу явах уу” гэж хамгийн түрүүнд асуухад “Би буухгүй. Оргилд нь гармаар байна” гэж хэлсэн. Тэгээд буух гэж байсан бүх уулчдыг болиулаад авиралт үргэлжилсэн дээ.
-Хамт авиралт хийж байсан уулчид амь эрсэдсэн гэв үү?
-Японы уулчин “лонхны хүзүү” гэх осолтой хэсгээс унаж харамсалтайгаар нас барсан. Мөн Канадын гурван хүнтэй багийн уулчин өндөр авалт хийх хугацаандаа 90 градусын эгц мөсөн хад мөргөж, унаж нас барсан. Улмаар Канадын багийн авиралт цуглагдсан. Япончууд маш их оролдлого хийдэг, тэр хэрээрээ амь эрсдэх тохиолдол олон байдаг юм билээ. 1954 оноос хойш 84 хүний амь нас эрсэдсэн байдаг. Энэ авиралтаар амь эрсэдсэн хоёр хүнийг нэмбэл 86 хүн нас барсан гэж үзнэ байх.
-Нийт хичнээн эмэгтэй уулчин энэ уулын оргилд гарсан байдаг юм бол?
-Нийт 337 хүн гарснаас 18 эмэгтэй уулчин “К2” уулын оргилд гарсан байдаг юм билээ. Энэ жил 6 уулчин гарсан. Эдгээр зургаан уулчинг нэмбэл 20 гаруй эмэгтэй уулчин гарсан байна. Гэхдээ нийт оргилд нь гарсан эмэгтэйчүүдээс буухдаа зургаан уулчин нас барсан байдаг юм билээ. Тиймээс “К2” уул эмэгтэйчүүдэд халтай, хатуу уул гэж ярьдаг.
-Таны хувьд өмнө нь 2013 онд оролдлог хийж байсан. Энэ удаа “К2”-руу явлаа гэхэд ах, дүү нар нь хэрхэн хүлээж авсан бол?
-2013 онд “К2” ууланд авирч ирсний дараа ээж, ах дүү нар маань маш их санаа зовчихсон ээж маань уйлаад “Дахиж явахгүй шүү чи” хэмээсэн. Би “Дахиж явахгүй” гэсэн ч дотроо “Явна аа” гэж бодож л байсан. Саяны авиралтыг ээж минь харж чадсангүй. 2016 онд бурхны оронд одсон. Сая явахдаа ах, дүү хамаатан садандаа онгоцонд суугаад нисэх хүртлээ хэлээгүй. Яг явахдаа “2013 онд явсан газар руугаа дахиад явлаа” гэсэн. Нэгэнт бүх зүйл төлөвлөгдсөн тул ах, дүүс минь яаж ч чадахгүй явуулсан даа.
-Ууланд авирахад 30-40 мянган ам.доллар шаардлагатай болдог гэж сонссон. Хөрөнгө, санхүүгээ хэрхэн шийдсэн бэ?
-Тамирчин хүн арын албагүйгээр, ивээн тэтгэлэггүйгээр амжилт гаргаж чаддаггүй. Тамирчин хүн бэлтгэлээ л хийх ёстой. Гэтэл ард нь их олон хүний хүч хөдөлмөрөөр тамирчин хүний амжилт гардаг. Миний бүх амжилтын ард бат зогсдог Биеийн тамир, спортын газрын хамт олондоо баярлалаа. Мөн Уулын холбоод байна. “К2”-ын ерөнхий ивээн тэтгэгч, Баатарсайхан захиралтай “Таван богд” группын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Таны олон жилийн хүсэл мөрөөдөл “К2” байсан болов уу?
-Энэхүү авиралт олон жилийн хөдлөлмөр, олон жилийн хүсэл мөрөөдөл, миний гэлтгүй монголчуудын мөрөөдөл байлаа. Би Эверестид гарснаас хойш “К2” оргилыг мөрөөдөж ирсэн. Гурван оролдлогын дараа “К2” уул Монголынх боллоо. Уулчдын хувьд том сорилт гэж үздэг уул. Саяны авиралтын багт багтсан уулчид намайг Япон хүн гэж бодоод байсан. “Би Монгол” гэхэд гайхах, бахархах зэрэгцэж “Маш сайн байна” хэмээж байсан. Тиймээс эх орноо маш сайн сурталчилсан гэж бодож байна. Буугаад иртэл миний нэр тавд бичигдээд эх орны минь далбааг ард нь наасан байсан. Тэр үед маш их омогшсон.
-Дахиад сэтгэлд тань багтсан оргил байгаа юм биш биз?
-Дэлхийн 8 мянгатай 14 оргилыг их найман мянга, бага найман мянган оргил гэж ангилдаг юм байна. Их найман мянгад топ таван оргил багтдаг. Хүмүүс их найман мянгад авирах зорилго тавьдаг юм байна. Үлдсэнг нь жижиг найман оргил гэдэг. Сая К2-т авираад буусны дараа их олон гадны уулчид “Хүнд, хэцүү гэдэг хоёр оргилыг чи давчихлаа. 14 оргил өөд зүтгэх үү” гэж асууж байсан. Тэгэхэд нь “14 хол байна. Харин их найман мянга ихэд сонирхолтой байна” хэмээсэн. Гэхдээ хэлж мэдэхгүй байна. Дараагийн төлөвлөгөөг зарлахад хараахан бэлэн биш байна.
Г.Тэгшсүрэн