Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.
Даншиг наадам нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж их баяр наадам үйлдсэн түүхтэй. Улмаар энэхүү наадам нь “Халх долоон хошуу наадам” болон өргөжиж хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн ч Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдаад байв. Харин 2015 оноос дахин сэргээж, зохион байгуулах болсон билээ. Улмаар “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам дөрөв дахь жилдээ Хүй долоо худагт болж өндөрлөлөө.
Р.Пүрэвдагва дөрөв дэх удаагаа түрүүлж, Даншигийн дархан аварга болов
Даншиг наадамд өнөө жил Даншигийн 8, Улсын 33 цолтон нийт 256 хүчит бөх зодоглов. Үүнээс Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх удаагаа түрүүлж, дархан аварга цол хүртлээ.
Харин Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цол хүртсэн юм. Мөн энэ удаагийн наадамд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харъяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж Даншигийн начин цол хүртэв.
Жороо морины уралдаанд Д.Жаргалсайханы цавьдар түрүүллээ
“Даншиг наадам Хүрээ цам- 2018”-ийн жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатарын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүүлэв
“Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хурдан их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа.
Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол гараагүй аж. Ийнхүү Монгол түмний шашин, соёлын их наадам дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Г.Сүрэн
Уншиж байна |