Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдаж аварга цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх Н.Батсуурь аварга цол хүртсэн даруйдаа л олны хэл ам, магтаал, шүүмжлэлд өртсөн.
Увсынхан жалга довны үзэл гаргаж, дэндүү нутгархлаа гэж зэмлүүлсэн. Дараа нь дэд хурандаа цол хүртээхэд нь ч өмнөх жилүүдээс, өөр аваргуудаас илүүтэй Н.Батсуурийг өнөө жил онцлон буруутгаж, баахан “загнав”.
Харин өчигдөр Улсын аварга Н.Батсуурь өөрийн хөтөлдөг албан ёсны фэйсбүүк хуудсандаа “Гал сөнөөгчийн машин бэлгэнд авлаа. Онцгой байдлын газартаа баярлалаа” хэмээн бичсэн нь бас л олны шүүмжлэлийг дагуулаад байна. Нутаг усаараа талцаж, нэг их “маргалдах” нь наадмаар байдаг л зүйл. Түрүүлсэн бөхөд дэд хурандаа байтугай цол хүртээх асуудал жилийн жилд байсаар л ирсэн, дасчихсан. Гэтэл түрүүлсэн бөхөд гал сөнөөгчийн машин бэлэглэсэн гэдэг хэтэрхий бяртай “шагнал” юм.
Улсын аварга Н.Батсуурь өчигдөр буюу долоодугаар сарын 25-нд өөрийн албан ёсны цахим хуудсандаа дээрх зургийг, уг тайлбарын хамт нийтэлсэн ч өнөөдөр устгажээ. Үүнд Улсын аварга Н.Батсуурь албан ёсны тайлбар хийж, ард иргэдийн дунд ам дамжин яригдаж буй энэ асуудалд хариулт өгөх нь зүйтэй.
Г.Дорж
Уншиж байна |