Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар эх орноосоо /2018.06.14/ мордсон. Тэрбээр К2 уулын гуравдугаар кэмп буюу 7400 метр өндөрт (зураг дээр “С3”)-д хүрч очжээ.
Тэрбээр “http://Sutain Bor Mountaineering Club”-ын уулчидтай утсаар холбогдож “Би одоо К2-ын гуравдугаар кэмп дээр байна. Гуравдугаар кэмпрүү 4 өдөр явж ирлээ. Гуравдугаар кэмп нь Хар Пирамид (Black Pyramid)-ыг даваад буй. Одоо эндээс К2-ын Мөрөн 8000 м дээр гарахаар бэлтгэж байна. Цаг агаар их муу байна. Цасаар байнга шуурч, цас их хэмжээгээр орж байна. Цасны зузаан 1м хүрсэн. Цасны нуранга үүсэх аюул их байгаа тул бүх уулчдыг буух нь зөв байх гэж уулын хөтөч зохион байгуулагч нар анхааруулж байна.
Хэдийгээр байгаль цаг агаарын байдал хүнд байгаа ч бид долоодугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд багтаж авиралтаа хийхээр төлөвлөж байна. Одоо “Мөрөн” дээр гарах олс тавих зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна. Биеийн байдал сайн. Одоо гуравдугаар кэмп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад байж байна” гэжээ.