Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам хуртай, хурдтай тун чиг гоёхон болж байна. Хүй долоо худгийн ногоон дэнжид эгнэн буусан эрээн майханууд дарцаглах нь, нэвтрүүлэгч Цагаандалайн танил, дотно дуу, морь барианы газарт зоосон цагаан хоолойгоор хүнгэнэх нь, сэвшээ салхины аясаар адуу малын хөлс хан хийх нь наадмын сайхныг эрхгүй мэдрүүлнэ.
Хүй долоо худаг орчимд гэмт хэрэг гараагүй
Баяр наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд шандас сорьсон. Энэхүү хоёр уралдааны үеэр унаач хүүхэд морьноосоо унаж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн. Мөн наадмын эхний өдөр Хүй долоо худгийн орчимд цагдаагийн байгууллагад хэрэг, зөрчил гарсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй гэх таатай мэдээг цагдаагийнхан хэлж байлаа.
Долоодугаар сарын 11 буюу наадмын хоёр дахь өдөр азарга, их насны морьд уралдсан. Их насны морьдын уралдааны үеэр хур бороо орсонтой холбогдуулан уралдааны замд халтиргаа үүссэнээс есөн хүүхэд морьноос унаж, гурван азарга багтарч эндсэн байна. Морьноос унасан хүүхдүүд азаар бэртэж, гэмтээгүй байна. Мөн эл өдөр Хүй долоо худгийн орчимд гэмт хэрэг үйлдэгдээгүй, хэрэг зөрчил бүртгэгдээгүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уяачдын хүсэлтээр зарим морийг уралдуулаагүй
Жил жилийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр эрлийз монголоор ялгах, үүлдэрлэг байдлыг тогтооход маргаан дэгддэг. Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд шандас сорихоор 346 морьд бүртгүүлснээс 236 хүлэг төрийнхөө наадамд тоосоо өргөсөн байна. Шүдээр 2, сэрвээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 үрээ, уяачдын хүсэлтээр зэрэг шалтгаанаар нийт 110 үрээ хасагджээ. Энэ жилийн хурдан морины салбар комиссоос хязаалан насны морьдын сэрвээний өндрийг 137 см байхаар тогтоож, 17 километрийн зайд уралдуулсан.
Харин шүдлэн насанд 308 үрээ бүртгүүлснээс 201 нь шандас сорьжээ. Шүдээр тэнцээгүй тохиолдол гараагүй бөгөөд үүлдэрлэг байдал болон уяачдын хүсэлтээр 107 шүдлэн уралдаанд гараагүй гэж Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Галбадрах мэдээлсэн. Наадмын хоёр дахь өдөр их насны морьдын уралдаанд 384 хүлэг бүртгүүлснээс 339 нь уралджээ. Энэ жилийн наадмаар ч үүлдэрлэг байдлаар ялгагдаж, цөөнгүй хурдан хүлэг уяан дээрээ эргэцээд үлдсэн ч эрлийз, монголоо таньсангүй, буруу ялгалаа гэх маргаан харьцангуй бага байлаа.
Монголчууд хоггүй наадаж байна
Жил ирэх тусам монголчууд хоггүй наадамладаг болсон нь сайшаалтай. Хүй долоо худаг орчимд энд тэнд ил задгай хаяж, орхисон хуушуурын тостой цаас, ундааны сав хөглөрч харагдсангүй. Идсэн, уусан зүйлсийнхээ хог хаягдлыг бөөгнүүлж байгаад торлоод, хогийн саванд зорьж очин хийж харагдсан. Үүнээс Монголчууд цэмцгэр наадамладаг болсон нь харагдаж байлаа.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачлагаар залуучууд “Цэвэрхэн наадъя” гэсэн уриалга бүхий лоозон барин Хүй долоо худгийн төв хэсгээр алхалж буй нь иргэдийг хог хаяхгүй байхад дөхөм болж байх шиг санагдав. Мөн Хүй долоо худагт бие засах газрын хүрэлцээ хангалттай байлаа.
Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан болж буйд наадамчин олон баярлаж байна. Нээрэн л монголчууд бид хүлгийн тоосонд тэнгэр уярав уу гэлтэй халуун нар төөнөж байснаа гэв гэнэтхэн л бороо ороход бэлгэддэг ард түмэн.
Г.Сүрэн
Уншиж байна |