Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваа үргэлжиж байна. Баяр наадмын талаар Сурын харвааны ерөнхий шүүгч С.Батхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн сурын харваанд хичнээн сурын харваач оролцож байгаа вэ?
-Сурын харваа энэ сарын 7-ны өдөр урианхай харваагаар эхэлсэн. Урианхай харваанд нийт 185 харваач цэц мэргэнээ сорьсон. Урианхай харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдог. Уг уралдаанд Баян-Өлгий аймгийн уугуул Х.Очироо харваач түрүүлсэн. Буриад харваа энэ сарын 8-нд эхэлж, мэргэнээ тодруулсан. Буриад харваанд эрэгтэй, эмэгтэй харваачид оролцдог. Эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн уугуул н.Алтантулга түрүүлсэн. н.Алтантулга өмнө нь хүүхдийн сурын харваанд түрүүлж байсан. Халх сурын харваанд 580 гаруй харваач оролцсон.
-Цаг агаарын хувьд өнөөдөр их тогтворгүй байна. Цаг агаар харваачдын амжилтад нөлөөлж байна уу?
-Цаг агаарын байдал харваачдад нөлөөлөх ёстой. Гэхдээ харваачид цаг агаарын байдалд тохируулан өөрийн харваагаа тохируулах учиртай. Тийм учраас цаг агаар харваачдын амжилтад тийм ч их нөлөөлөхгүй. Сайн харваач цаг агаарт захирагдахгүйгээр цэц мэргэнээ сорих учиртай.
-Энэ жилийн сурын харваанд оролцож буй хамгийн ахмад болон балчир харваач хэдэн настай вэ?
-Хамгийн ахмад харваач 77 настай бол балчир нь зургаан настай.
-Жил жилийн наадамд оролцож буй харваачдын нас улам залуужиж байгаа. Энэ талаар?
-Тийм ээ. Залуучууд сүүлийн жилүүдэд сурын харвааг сонирхон хичээллэх болсон. Залуус ахмад харваачдаасаа дутахааргүй мэргэн цэцээ сорьж, олон ч амжилтыг эвдлээд байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |