Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн наадмын өмнөхөн “Монгол наадмаар Монгол морь” уралдах ёстой хэмээсэн. Түүний хэлсэн үг хөрсөн дээр бууж, Улсын баяр наадмын хурдан морины уралдаан бүрийд 100 орчим шандаст хүлэг хасагдаж, уяан дээр эргэцээд үлдсэн юм.
Тун удахгүй Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болно. Энэ жил хурдан морины шүдэлгээ, үүлдэрлэг байдлыг тогтоох комисс наадмын өглөөг сэтгэл дотроо өөр өөрсдийнхөөрөө зурсан уяач, унаач нарыг гонсойлгохгүй л байгаасай.
Ерөнхий сайдын шийдвэр эгэл уяачдын морь өнгөнд уралдах боломжийг олгосон бол өөр нэгэн нь гомдол тээж үлдсэн нь бий. Тухайлбал өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 153 үрээ уралдсанаас Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд хурдалсан. Гэвч хурдан морины салбар комиссоос хязаалангийн уралдаанд эхний дөрөвт хурдалсан үрээг “эрлийз” гэж үзэн хассан. Ж.Уясахын бор үрээ шүдлэн насандаа буюу 2016 оны Улсын их баяр наадмын түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгаж байсан удаатай. Өнгөрсөн жил дахин түрүүлсэн ч эрлийзэд тооцогдож, хойш ухарч, жиилийн өмнө жирийн монгол адуу, жил өнжөөд эрлийз болчихсонд олон түмэн гайхсан.
Тэгэхээр зөвхөн сэрвээний өндрөөр адууг эрлийз хэмээн үзэж, түрүүлж ирээд хөх мах нь чивчиртэл чичирч зогсоо хүлгийг аман хүзүү, айргийн тавд биш, арга ядахдаа баян ходоодын шагнал ч өгөхгүй хоосон буцаах нь хэр зөв юм бол. Уяачид өнгөрсөн хавар энэ сэдвээр багагүй маргасан. Маргааны гол асуудал нь хурдан морины сэрвээний өндрийг нэмэх тухай...“Хэрэв сэрвээний өндрийн нэмбэл дээд гурван насанд 50-75 хувь нь эрлийз морьд мордоно...“Сэрвээний өндрийг нэмэх нь зөв, сайхан том биетэй Монгол морьд сэрвээний өндрөөр хасагдаад байна. Тэгээд ч цусыг нь шинжлэхгүй л бол зөв ялгаж чадахгүйгээс хойш ингээд уралдаж байя” гэх эсрэг тэсрэг саналаа уяачид ч хэлсэн.
Чухам ямар арга техникээр сэрвээний өндрийг хэмжиж, эрлийз мөн бишийг нь тогтоодог болохоо хурдан морины салбар комисс тайлбарлах нь зүйтэй. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар морьдын шүдэлгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг МҮОНТ, ETV, ТV9 гэсэн гурван телевиз алдалгүй, шууд дамжуулна гэнэ. Мөн будлиан, маргаан дэгдээхгүйн тулд хурдан морины салбар хорооноос мал эмнэлгийн ерөнхий газрыг хүртэл байгуулжээ. Уг ерөнхий газраас мэргэжлийн баг гарч ажиллах юм байна. Ингэхдээ морьдын эрлийз, монголыг урьдын адил сэрвээний өндрийг үндэслэн ялгах аж.
Хурдан морины сэрвээний өндрийн дээд хэмжээ даага 129, шүдлэн 134, хязаалан 138, соёолон 141, их нас 143, азарга 141 см байх ёстой гэж 2014 онд адууны сэрвээний өндрийг тогтоон баталсан байдаг. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар сэрвээний өндрийг азарга, соёолон 140, их нас 141, соёолон 137, шүдлэн 132, даага 127 см-ээр тогтоожээ. Үүнээс нэг см илүү гарвал өчнөөн сар, жил өнжин хүлээн Улсын баяр наадамд тоосоо өргөхөөр зэхсэн хүлэг, уяач хоёрын хүч, хөдөлмөр талаар болно гэсэн үг.
Хэн, хэн нь хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөж байгаа болохоор хэний ч хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хэцүү. Энэ жилийн наадмаар ээ дээ хичээж л үзээрэй хурдан морины салбар комиссынхоон!
Г.Сүрэн
Уншиж байна |