Олон улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-2018-ын тоглолтуудыг үзснийх нь төлөө Диего Марадонад төлж байсан төлбөрөө зогсоожээ.
DiarioCorreo хэвлэлийн мэдээлснээр Марадона цэнгэлдэх хүрээлэнд байхдаа бусдыг ч өөрийгөө ч хүндлэхгүй, зүй бус үйлдэл гаргасанд олон улсын хөлбөмбөгийн холбооныхон ихээхэн дургүйцэж байгаа гэнэ.
Өнгөрсөн мягмар гаригт, Санкт-Петербург хотно Аргентины шигшээ баг Нигерийн шигшээ багтай тоглон дараагийн шатанд шалгарсан юм. Энэ тоглолтыг үзэж суусан, 1986 оны дэлхийн аварга Диего Марадона телевизийн камерын өөдөөс нэг бус удаа хэт их сэтгэл хөдлөлөө харуулсан байна. Мөн Аргентины тоглогч Марко Рохо Нигерийн хаалганд хоёр дахь гоолыг хийх үед түүний тавцангийн доогуур сууж байсан хөгжөөн дэмжигчид рүү бүдүүлэг үйлдэл гаргасан юм.
Энэ үйлдэл нь олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулсны дээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо Марадонаг шившигт зан байдлынх нь төлөө шийтгэхээр болж, “Хөлбөмбөгийн домгууд” хөтөлбөрийн хүрээний хамтын ажиллагааг зогсоохоор болсон байна.
Энэ хөтөлбөрт оролцсноороо Марадона биеэр очиж үзсэн тоглолт бүрийн төлөө 13 мянган ам.доллар, түүнчлэн онгоцны тасалбар, зочид буудлын зардлаа төлүүлж байжээ.
Б.Учрал
Уншиж байна |