Маноло нэрээрээ алдаршсан, Испанийн хөгжөөн дэмжигч Мануэль Касерес Артесеро Испани, Оросын шигшээ багуудын тоглолтын үеэр бөмбөр авч явах зөвшөөрөл олж авахыг тулд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд ханджээ. Тэрбээр хүсэлтээ цахим шуудангаар явуулсан талаар ДАШТ-2018-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Ийнхүү зөвшөөрөл хүсэх болсон нь аюулгүй байдлын үүднээс түүнийг цэнгэлдэх хүрээлэн рүү бөмбөр авч орохыг хоёронтоо хориглосон байна. Тиймээс дараагийн тоглолтын үеэр бөмбөртэйгээ орохын тулд Маноло Оросын Ерөнхийлөгчөөс гадна Исданийн Засгийн газрын тэргүүнд ч хүсэлт гаргасан байна.
Энд дуулгахад, Маноло 1982 оны ДАШТ-ээс хойш нэг ч удаа энэ тэмцээнийг алгасалгүй үзэж байгаа гэнэ. Тэрбээр бүхий л тоглолтууд дээр бөмбөрөө авч явдаг ч энэ жил гурван цэнгэлдэх хүрээлэнгээс хоёр нь түүнийг бөмбөр авч орохыг зөвшөөрөөгүй байна.
“Бөмбөрийн дуу баяр хөөр авчрах ёстой. Гэхдээ манай багийн тоглолтын үеэр тэдэнд дэмжлэг хэрэгтэй ч саад болохгүйн тулд чимээ бага гаргана” хэмээн Маноло ярьсан байна.
Маноло Валенсияд амьдардаг бөгөөд тэндээ бар ажиллуулдаг юм байна. Түүний барны дотоод засал нь бүхэлдээ хөлбөмбөгийн сэдэвтэй, хананд нь Испанийн шигшээ багийнхантай авахуулсан гэрэл зураг өлгөөтэй байдаг гэнэ.
Б.Учрал
Уншиж байна |