Орост болж буй ДАШТ-2018 нэг тэмцээний турш дахь автогоолын тоогоороо дээд амжилт тогтоосон байна. Энэ удаагийн тэмцээнд найман тоглогч өөрийн хаалганд гоол оруулжээ. Харин үүнээс өмнө энэ төрлийн дээд амжилтыг 1998 оны Францад болсон ДАШТ тогтоож байв. Тухайн үед өөрийн хаалгандаа гоол оруулсан тохиолдол зургаан удаа гарч байжээ.
Дээд амжилтыг эвдсэн долоо дахь автогоолыг Мексикийн шигшээ багийн хамгаалагч Эдсон Альварес Шведийн эсрэг тоглож байхдаа оруулсан бол найм дахь автогоолыг Швейцарь, Коста Рикагийн тоглолтын үеэр бүртгэгдсэн байна. Энэ үеэр Швейцарын багийн тоглогч Ян Зоммер пенальтиг хүлээж авч чадалгүй, Брайн Руисын цохилтын дараа бөмбөг ойж, хаалганд оржээ.
Мексик болон Шведийн багийнхны тоглолтын үеэр ДАШТ-ий түүхэн дэх өөр нэгэн дээд амжилт тогтоогдсон юм. Мексикийн шигшээ багийн хамгаалагч Хесус Гальярдо хамгийн хурдан хугацаанд шар хуудас авсан хүнээр тодорсон бөгөөд тэрбээр тоглолт эхлээд ердөө 15 дахь секундэд шар хуудсаар торгуулжээ.
Түүнчлэн энэ удаагийн тэмцээн сүүлийн 28 жилд нэг өдрийн тоглолтын гоолын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Зургаадугаар сарын 24-ний өдөр ДАШТ-ий хэсгийн шатны гурван тоглолтын үеэр нийтдээ 14 гоол оруулжээ.
Б.Учрал
Уншиж байна |