Хөлбөмбөгөөр дэлхий нийт амьсгалж, ДАШТ-2018 болж буй Орос руу “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” буй энэ үед фанатууд багаа дэмжихийн тулд төрөл бүрийн арга хэрэглэн Оросын цэнгэлдэх хүрээлэнгүүдийг зорьсоор байгаа юм.
Тэдний нэг нь Энэтхэгийн математикийн багш Клифин Франсиз бөгөөд маш бага зардлаар Орос руу очихын тулд тэрбээр нарийн төлөвлөгөө зохиожээ. Тодруулбал, чинээлэг бус амьдралтай Клифин ДАШТ-2018-ыг үзэхээр Орост унадаг дугуйгаар иржээ.
Тэрбээр ДАШТ үзэхийг маш их хүссэн ч онгоцоор нисэх зардал түүнд байсангүй. Тиймээс маш бага зардал гарган Оросыг зорих нарийн төлөвлөгөө боловсруулжээ.
Ингээд тэрбээр хоёрдугаар сарын сүүлээр нутгаасаа гарч Оросыг зорьсон бөгөөд Дубай хүртэл онгоцоор нисчээ. Онгоцонд унадаг дугуй авч явахыг зөвшөөрөгүй тул АНЭУ-аас хамгийн хямд дугуй худалдан авсан байна.
Улмаар математикийн багш усан онгоцоор Иран хүрсэн байна. Тэрбээр Пакистанаар дамжин аялах төлөвлөгөөтэй байсан ч Энэтхэг, Пакистан хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай тул энэ төлөвлөгөөнөөсөө буцжээ. Ингээд Иранд хүрсэн тэрбээр тэндээ 45 хоног саатсан гэнэ. Гэхдээ энэ хугацаанд ердөө хоёрхон хоног зочид буудалд байрлаж, харин үлдсэн хоногт нь найрсаг иранчууд түүнийг гэртээ хонуулж, ДАШТ-ий үеэр Ираны шигшээ багийг дэмжихийг зөвлөсөн байна.
Ийнхүү Иранд хэсэг саатсан тэрбээр аяллаа дахин эхлүүлж, 4000 километрийг унадаг дугуйгаар туулжээ. Эхлээд Азербайжаны хилээр гарах үед нь түүнийг маш удаан хугацаанд шалгасан байна. Аяллын явцад маш их турсан Клифин паспортынхоо зурагнаас өөр болсон тул ийнхүү хил дээр удаан саатуулсан гэнэ. Харин дараа нь Гүржид хүрсэн ч хилчид оруулаагүй тул хоёр орны дундын бүсэд гацаж, Азербайжаны тал тусалснаар Дагестанаар дамжин аяллаа үргэлжлүүлжээ.
Одоо тэрбээр Тамбовоос хөдөлсөн бөгөөд Москваг зорьж яваа гэнэ. Клифин Лионель Мессиг шүтдэг тул шүтээнээ харж, түүнийг унадаг дугуй дээр нь гарын үсэг зурж өгөхийг гуйна хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Б.Учрал
Уншиж байна |